Дорнын зурхай 12 жилийг 5 махбодоор хувилган 60 жил байх бөгөөд үүнийг жаран хэмээн нэрлэдэг. Энэхүү жаран жил нь тус бүрдээ нэртэй бөгөөд тухайн ямар жил болох нь утга учиртай байдаг.
Энэ жилийн хувьд “Үзэсгэлэн болгогч” хэмээх Усан туулай жил гарч байгаа нь зурхайн шүн номлол судар 60 жилийн онцлогоос үзвэл: Идээ унд элбэг, өвчин зовлонгүй, бие, сэтгэл амгалан, ихэс дээдэс төрийг ёсчилон тэтгэнэ, ард иргэд амгалантай, найр наадам элбэг болох жил гарч байна.
Мөн жилийн өнгө хур бороо, ургац, хүн ардын байдлыг шинждэг шороон үхрийн зурлагаар Үхэр нь: Шороон үхрийн толгой, эвэр, чих, сүүл, омруу, туурай нь хөх, шийр, ногт нь улаан, бие нь ногоон, цулбуур нь шар, ходоод нь цагаан, амаа хамхиж, сүүлээ баруун тийш шарвасан байна.
Энэхүү шинжээр: Улирлын эхээр хур болон салхи шуурга ихтэй, дөрвөн улирал бүрийн сүүлээр хур бага, жилийн дундуур өвс, ногоо, тариа будаа ургац сайтай байна.
ҮХЭР ХАРИУЛААЧ НЬ: Өвгөн хүмүүн царай нь улаан, дээл нь хөх, бүс нь шар, малгайгаа баруун гартаа барьсан, нэг гэзгээ баруун чихнийхээ араар, нөгөө гэзгээ зүүн чихнийхээ урдуур унжуулсан, олс бургасан иштэй хөх шилбүүр барьсан, хөх гутал өмссөж үхрийн өмнө яаравчлан гүйж явна.
ЭНЭХҮҮ ШИНЖЭЭР: Настанд буюу өндөр дээд суудалтанд ээлтэй сайн амгалан ажил үйлс бүтэмжтэй, идэр залуус буюу дунд түшмэдэд дунд зэрэг, нялхас буюу энгийн ард иргэдэд ширүүвтэр байх төлөвтэй ба жилийн ерөнхий төлөв хааны хүч их болж ард түмний амьдрал доройтож, үймээн самуун, хямрал тэмцэл гарах талтай, элдэв өвчин ялангуяа халуун өвчнөөс болгоомжил.
… Энэ туулай жилд Ши буюу үхэх жилийн нашидүрсэм засал хийлгэнэ. Үүнийг ямар жилтэй хүмүүс хийлгэх вэ гэхээр гахай, хулгана, үхэр, луу, хонь, нохой жилтэй хүмүүс байна. Гэхдээ энэ нь үхэх гэсэн утга биш. Та ажил үйлсдээ анхаараарай, нягт нямбай байгаарай. Ажил үйлсээ сайд тотгоргүй байлгахын үүднээс нашидүрсэмийн засал хийлгээрэй. Тэгвэл ажил үйлс нь энэ жил сайн явна.
👉 БУСДАД ТУСЛАХУЙ АНАГААХ УХААНЫ МАНБА ДАЦАН ХИЙДИЙН ЗУРХАЙЧ, АНАГААХ УХААНЫ МАГИСТР Д.САЙНСАЙХАН