Хүнсний бүтээгдэхүүний чанарыг хэрхэн таних вэ?

Чанартай бүтээгдэхүүн худалдан авахын тулд эхлээд анхаарах ёстой зүйлс байдаг. Мэдээж хэрэг тухайн бүтээгдэхүүнээс шалтгаалаад яг юуг нь шалгах вэ гэсэн асуулт гарч ирнэ. Энэ үүднээс та бүхэнд төрөл төрлийн хүнсний бүтээгдэхүүний чанарыг таних аргуудаас хүргэхээр бэлтгэлээ.

1. Малын мах

Махны хувьд бүх зүйл энгийн бөгөөд шинэ эсэхийг нь өнгөөр нь тодорхойлж болно. Үхрийн мах улаан, гахайн мах ягаан, хонины мах хүрэн өнгөтэй байвал шинэхэн байна гэсэн үг. Хэрэв өнгө нь саарал, шаргал, ногоон байвал муудсаны шинж аж.

Шинэхэн эсэхийг шалгах өөр нэг арга бол махыг хуруугаараа нудрах явдал юм. Шинэ мах уян хатан чанартай учраас хэлбэрт нь өөрчлөлт гарахгүй. Хэрэв хонхорхой үүсч байвал тэрхүү мах удсан байгааг илтгэнэ.

2. Зөгийн бал

Зөгийн бал жинхэнэ эсвэл хуурамч эсэхийг шалгах хамгийн хялбар аргуудын нэг бол тавганд бага зэрэг дусаах явдал юм. Хэрэв зөгийн бал тавган дээр хурдан хугацаанд жигд тархсан бол элсэн чихэрээр шингэлсэн бүтээгдэхүүн эсвэл зүгээр л амт оруулсан сироп байх магадлалтай. Жинхэнэ зөгийн бал тийм шингэн байх ёсгүй бөгөөд тавган дээр дусангуут барьцалдах ёстой аж.

3. Далайн бүтээгдэхүүн

Холоос авч ирсэн бүтээгдэхүүн, тэр дундаа далайн гаралтай хүнс хэт их мөстсөн байвал аюултай. Хадгалалтын горимын дагуу зөөвөрлөж ирсэн бүтээгдэхүүн тэгтлээ хөлдөх учиргүй юм. Тиймээс тухайн бүтээгдэхүүнийг буруу хадгалж ирсэн гэсэн үг.

4. Өндөг

Өндөгийг хүйтэн устай саванд хийж шинэ хуучин эсэхийг нь мэдэж болно. Шинэхэн өндөг шууд доошоо живдэг бол хуучин өндөг хөвнө. Тиймээс хөвж буй өндөгийг хаях хэрэгтэй.

5. Загас

Шинэ загас нь “гялалзсан” нүдтэй, улаан заламгайтай байдаг. Эдгээр шинж чанарууд нь загасыг саяхан барьсан эсвэл зохих ёсоор хадгалсан болохыг харуулна. Хэрэв заламгайны өнгө нь хүрэн, нүд нь бараан сүүдэртэй, ширгэж хатсан бол муудаж хуучирсан байгаагийн шинж юм.

6. Бяслаг

Үнийн байнгын өсөлтөөс болоод үйлдвэрлэгч нар сүүлийн үед бяслагыг төрөл бүрийн зүйлээр орлуулах болжээ. Зарим үйлдвэрлэгчид бүр ургамлын гаралтай өөх тосыг түүхий эд болгон хольдог болсон байна.

Ургамлын тос тухайн бяслаганд орсон бол амархан бутарч унадаг аж. Ургамлын гаралтай тос нэмсэнээр зөөлөн бяслагны бүтэц хэврэг болдог учраас бага зэргийг ховхолж аваад мэдэж болно.

7. Тахианы мах

Өнөө үед ихэнх мал аж ахуйн компаниуд, тэр дундаа тахиа үржүүлгийн газрууд өсөлтийн даавар хэрэглэдэг болжээ. Хэрэв тухайн тахины маханд өсөлтийн даавар ашигласан эсэхийг мэдэхийг хүсвэл хавиргыг нь анзаараарай.

Хэрэв хавирга орчмын маханд өөхний жижиг зураас байгаа бол тухайн тахиа хэтэрхий хурдан өссөн гэсэн үг юм. Ийм тахиа идэх нь таны дотоод шүүрлийн системийг гэмтээх аюултай.

8. Гоймон

Дэлгүүрээс ууттай гоймон авах үед дотор нь хугарсан хэсгүүд харагддаг шүү дээ. Хэрвээ тухайн гоймон огноо шинэ бол шууд солиулах хэрэгтэй. Учир нь шинэхэн гоймон тэр дороо хугарсан бол муу чанарын найрлагаар хийсэн гэсэн үг.

caak.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *