Өвлийн улиралд уушги, бөөрний өвчлөл давамгайлан илэрдэг. Энэ нь уушги бөөр нь хүйтний буюу бадганы орон болохтой холбоотой бөгөөд гадна орчны хүйтэн уур амьсгалын нөлөөллөөр тэдгээр эрхтэнд орших хүйтэн гэм болох бадган хий босож хямран өвчин үүсэх нөхцөл бүрдэнэ. Өвлийн улиралд хүйтнээс гадна утаа ихэссэнтэй холбоотой уушгины өвчлөл тэр дундаа астма, бронхит, хий болон цэртэй ханиалгууд, хүндэрсэн хэлбэрийн ханиад уушгины хатгалгаа зэрэг өвчлөлийн тохиолдлууд ихэсдэг, тэдгээр нь хүндэрч уушгины хатгалгаа болох тохиолдол цөөнгүй байна. Тиймээс ард иргэд эдгээр ханиалгуудыг цаг тухайд нь эмчилж байх нь зүйтэй.
Уламжлалт анагаах ухаанд уушгины өвчнийг үндсэн 8 ангиллаар авч үздэгээс өвлийн улиралд ханиад (дагшуур ханиад, огшрон ханиах, халдварт) цайвар хаван, уушгины хатгалгаа зэрэг өвчлөлийн тохиолдол илүүтэй. Эдгээр өвчлөлтүүд өөр хоорондоо ялгаатай шинжээр илрэх бөгөөд түүнтэй уялдаж эмчилгээний хувьд ч тусгайлсан эмчилгээ хийх шаардлага бий болно.
Уламжлалт анагаах ухааны Манба Дацан Нэгдсэн эмнэлэг нь ханиадны явц, хэлбэрээс хамаараад төөнүүр, бумба, татлага, утлага, хоолой зайлах, хануур зэрэг эмчилгээнүүдийг хийдэг. Тухайлбал, цэртэй ханиалгаж байвал зөгийн балтай татлага, ханиалгах нь их бол тан эмтэй утлага хийх зэргээр тухайн хүний өвчний байдлаас хамаарч эмчилгээг явуулна. Ялангуяа байн байн хоолой өвддөг, хоолойны ангина, үрэвслийн шалтгаантай амьсгалын замын өвчлөлтүүдийн үед эмийн эмчилгээ хийсний дараа хануур заслыг хийснээр өвчнийг дахиулахгүйгээр үндсээр нь эмчлэх боломжтой. Эдгээр эмчилгээг мөн мэргэжлийн эмчийн хяналт дор хийлгэх шаардлагатайг анхаарах хэрэгтэй. Эмийн эмчилгээнд Мана 4, Норов 7, Сороол 4, Сороол 7 зэрэг эмийг уулгана. Мөн дээрх тангуудыг урьдчилан сэргийлэх зорилгоор ууж болно. Гүнбрүм 11 эмээр өглөө оройдоо хоолойн утлага хийх нь сайн. Эдгээртэй хавсруулан хийн бэлчрүүдээс гадна 4,5-р үесийг сайтар төөнөх нь зүйтэй. Хэрэв эдгэхгүй хүндэрч уушгины хатгалгаа болсон тохиолдолд үрэвслийн эм, уушгины бусад эмийг хавсарган өгдөг бөгөөд Уламжлалтын мэргэжлийн эмчид хандах нь зүйтэй.
Манба Дацан Эмнэлгээс Зөвлөж байна
Мана-4 тантай дархлаа дэмжих цай хэрхэн бэлтгэх вэ?
- 2 литр усанд цайны идээ хийж буцалгасны дараа 1 тун Мана-4 танг хийж сайтар самарна
- Сайтар самарснаар Мана-4 тангаа сайн хандалж өгөх бөгөөд цайндаа сүү, давс, хужир зэргийг нэмж амталж болно
- Борви, тойг зэрэг шимт ясыг чанаж буцалгасан цайнд хийвэл илүү сайхан амттай болно
- Дархлаа тэтгэх зорилгоор өвлийн улиралд өдөр бүр ууж болно
- Мана-4 тан нь хүний биеийн бодисын солилцоог сайжруулан, тамир хүчийг тэтгэдэг учир өдөр тутамдаа цай чанаж уухаас гадна өдөрт 1-2 удаа 12-с доош насны хүүхдэд 1 тунгаар, том хүнд 2 тунгаар 150-200 грамм усанд юм уу шимт ясны шөлөнд буцалган ууж болно.
Оточ Манрамба Их Сургуулийн Онолын тэнхмийн багш, АУ-ы докторант Д.Отгонбаатар