ЖИЛИЙН ЗАСАЛ болон ОНЦГОЙ ЗАСАЛ номыг ЯМАР ДАВТАМЖТАЙ ХИЙЛГЭХ ВЭ?

Эрэгтэй хүн жилээ угтах ширүүн, эмэгтэй хүн жилээ дагах ширүүн учраас дээрх шинжүүдээс ажиглан жил орохын өмнө болон жил орсны дараа жил засал ном, эргэл мөргөл шамдаж анхаарал болгоомжтой байна.

Жил орж байгаа, урвасан жилийн үүд, их, бага харш, логор жил гарсан хүмүүс засал номоо жилд аль болох олон уншуулбал сайн. Учир нь хүнд нөлөөлж байгаа нөлөөллийг багасгах гэж байгаа учраас олон уншуулах тусмаа л сайн. Ер нь жилийн засал номоо жилийн эхээр юм уу, эсвэл 12 дугаар сарын сүүлээр ес эхлэхэд дараа жилийн өнгө ордог гэдэг утгаараа энэ үед их хийлгэдэг. Хүмүүс сонин, интернэтээс хараад засал номоо хийлгэхээс илүүтэй зурхайчид үзүүлж, гэр бүлийн гишүүн бүр тухайн жилд юуг анхаарч, юу хийж болох, болохгүйгээ мэдэж авч, ямар засал номыг ямар давтамжтайгаар хийлгэхээ мэдэж, ойлгох хэрэгтэй.

Зурхайчид хандалгүй заслаа хийлгэсэн, эсвэл өөрөө заслаа хийлгээгүй, эмээ, өвөө юмуу эхнэр, нөхөр нь өмнөөс нь ном уншуулчихсан хүмүүс жилийн дундуур юмуу, сүүлээр асуудал тулгараад ирдэг. Засал номонд ингэж хөнгөн хандаж болохгүй.

Жилд нэг удаа хийлгэж байгаа жилийнхээ засал номыг хийлгэхдээ хүмүүс чухалчлах ёстой. Үүнийг үл тоомсорлосон, ээж аавдаа найддаг хүмүүс элдэв барцад саад, асуудал үүсээд ирдэг нь олонтаа. Мөн жилийн заслаас гадна нууц жилийн харш, мэнгэ, махбодын таарамж тохиромж муу мөртлөө нэг гэр бүл болоод амьдарч байгаа хүмүүс тухайн харшийнхаа заслыг жилд нэг удаа хийлгэх хэрэгтэй. Түүнчлэн хүүхдүүдийнхээ дэмбэрэл буюу төөргийн зурхайг зуруулж, билгийн насаар хэд хэдэн насан дээр нь барцад саадтай байгаа нь урьдчилан танин мэдэж, зан чанараа анхааран засч, засал ном дээрээ нэмж уншуулах хэрэгтэй.

Энэ туулай жилд Ши буюу үхэх жилийн нашидүрсэм засал хийлгэнэ. Үүнийг ямар жилтэй хүмүүс хийлгэх вэ гэхээр гахай, хулгана, үхэр, луу, хонь, нохой жилтэй хүмүүс байна. Гэхдээ энэ нь үхэх гэсэн утга биш. Та ажил үйлсдээ анхаараарай, нягт нямбай байгаарай. Ажил үйлсээ сайд тотгоргүй байлгахын үүднээс нашидүрсэмийн засал хийлгээрэй. Тэгвэл ажил үйлс нь энэ жил сайн явна.

Бусдад Туслахуй Анагаах ухааны “Манба Дацан” хийдийн зурхайч, Анагаах ухааны магистр Д.Сайнсайхан

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *