Уран бэрийн нүүдэл – Та хэдэн нүүдлийн цаадахыг харж чадах вэ? Хүүхдүүдээ сориод үзээрэй.

Та хэдэн нүүдлийн цаадахыг харж чадах вэ? Монголчуудын цэцэн мэрэн арга ухаан амьдрал ахуй дээр ч, тоглоом дээр ч гарч ирж буйн жишээ энэ биз ээ. Жирийн Монгол хүмүүний оюуны цараа ийм л байдаг гэдгийг харуулсан сайхан үлгэрээ сонсонгоо, уран нүүдэл сурч аваарай. Үлгэрээ уншингаа хүүхдүүдээ энэ тавилаар шалгаад нэг үзээрэй. Бэрээ ч бас шалгаад үзэхэд юун. Сонирхолтой байх болов уу.

Уран Бэрийн нүүдэл хэмээх Монгол Ардын үлгэр

Эрт урьд цагт нэгэн малчин ардын ам бүлд авхаалж сэргэлэн залуу бэр аж төрөн амьдарч суудаг байжээ. Нэгэн өдөр хадам аав нь холоос ирсэн гийчинтэй шатар тоглож байгаад хүнд байдалд орж бодолд дарагдан суужээ. Цагаанаар тоглож суусан хадам эцэг нь хэдэн нүүдлийн дараа мад болох буюу бүх юмаа алдах байдалд орсныг ажигласан бэр нь ийн хэлээд гэрээс гарчээ.
“Агаар тэнгэр муудаж, салхи шуурга болох гэж байхад (Гийчин Б:f2 мадлахаар зэхээд байна) аав та ажиг ч үгүй тоглож наадаад байвал би уяатай морийг чинь сул тавьж хөөчихөөд (1. Mc2 Б:с2), хасаг тэргийг чинь хэмхчиж түлчихээд (2. Тра8 + Н:а8), харагч ингэндээ хоёр хүүхдээ тэгнээд (3. c7 +) явчихна шүү” гэж тунирхаж хошигносон байдлаар хэлжээ.

Энэ үгийг сонссон хадам эцэг бэрийнхээ цэцэн ухаантайг мэдэх тул энэ лав нэг утга бий гэж бодож үзвэл мориороо бэрсийн хөлийг хааж сул өгөөд, дараа нь тэргээрээ сул шалж идүүлээд, тэмээний дугийг нээвэл түүний хэлсэн үгийн утгатай нийлж тэмээнд хоёр хүүхэд тэгнэсэнтэй адилхан маягтай мад болохоор байжээ. Хадам эцэг бэрийн зааснаар нүүж гийчнийг хожсон гэдэг.

Энэ тухай Монголын уран сайхны “Цэц магнай” кинонд өгүүлдэг билээ.

Олон Улсын Шатрын Холбооны шүүгч , Спортын дэд мастер Дархинт Батболдын Нямдаваа.

Зургийг www.hiimori.mn-ээс авав.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *