Элэгний “В” вирүсээс хамгаалцгаая

Сүүлийн үед нийгмийг хүчтэй донсолгож байгаа мэдээллийн нэг бол яах аргагүй сагсан бөмбөгийн лигийн тамирчин О.Дөлгөөнд тохиолдсон явдал билээ. Дөлгөөн нь АНУ-д очоод удаагүй байх үедээ бие нь муудаж элэгний дутагдалд орон эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм. Элэг хэмээх эрхтэн нь өөрөө нууцлаг үе ихтэй бөгөөд гэнэт хүндрэх, В, С вирүс мэдэгдэхгүйгээр идэвхжиж бусад эд эрхтэнг гэмтээдэг аюултай аж. Иймээс иргэн бүр элэгний В вирүсээс өөрсдийгөө хамгаалах боломжтой.

В вирүсээс хамгаалахын тулд вирүсийн эсрэг вакцин хийлгэх хэрэгтэй. Вакциныг Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Сайн дурын дархлаажуулалтын тасагт нэг удаагийн тарилгыг 5000 төгрөгөөр хийлгэх бөгөөд нийт гурван удаа хийлгэх ёстой аж. Мөн эхний тарилга хийлгээд сарын дараа 2 дахийг, зургаан сарын дараа 3 дахийг хийлгэснээр В вирүсээс үүдэлтэй өвчлөлөөс 10-15 жилийн турш хамгаалж чадах гэнэ. Вакциныг Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Дархлаажуулалтын тасаг ажлын өдрүүдийн 08.00-15.00 цаг хүртэл хийх юм байна. Хамгийн гол нь та вакцин хийлгэхээс өмнө В, С вирүстэй эсэх шинжилгээг заавал хийлгэж эмчдээ үзүүлэх хэрэгтэй.

Нээгдсэн түүх

Элэгний В вирусыг 1967 онд анх Барух Бламберг тодорхойлсон бөгөөд Австралийн антиген (эсрэг төрөгч) гэж нэрлэж байжээ. Үүнээс өмнө хүн төрөлхтөн ийлдэсний шар өвчин гэдгээрээ аль хэдийн танил болсон байсан бөгөөд халдвартай хүний цусаар дамжин халдварладаг бүх бие шарладаг өвчний талаар бичиж үлдээсэн түүхэн баримтууд зөндөө байдаг. Элэгний В вирусын нээгдсэн түүх нь өөрөө их сонирхолтой юм. Учир нь Бламберг ийлдэсний шар өвчний үүсгэгчийг нээхийг анхлан зориогүй байсан бөгөөд Австралийн уугуул иргэний ийлдсэнд агуулагдах нэгэн зүйл нь Австралид шинээр ирэн суурьшсан хүмүүсийн ийлдэстэй холих үед тунадасжих урвал явагдаж байгааг санамсаргүй ажигласан байна. Энэ үед эсрэг төрөгч болон эсрэг биеийн тухай ойлголт аль хэдийн тогтворжсон байсан бөгөөд уугуул иргэдийн нэлээдгүй хувьд байх ямар нэгэн эсрэг төрөгч нь бусад австралын оршин суугчидийн эсрэг биетэй урвалд орж байгаа нь эргэлзээгүй байлаа. Улмаар уг урвалд орж байгаа эсрэг төрөгч нь ийлдэсний шар өвчний үүсгэгч болохыг нээж уг нээлтээрээ 1976 онд Нобелийн шагнал хүртсэн билээ. Мөн 1969 онд, элэгний В вирусыг нээснээс хоёрхон жилийн дараа анхны вакциныг мөн Бламберг нээсэн билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *