Сүүлийн жилүүдэд зүрх, судасны өвчлөл нэмэгдэх хандлагатай байна. Ялангуяа судасны нарийсал, бөглөрөлтэй холбоотой өвчлөл өсөх болжээ. П.Н Шастины нэрэмжит Улсын Клиникийн Гуравдугаар эмнэлгийн Ангиографийн оношлогоо, эмчилгээний тасгийн зөвлөх эмч, Анагаах Ухааны доктор профессор З.Лхагвасүрэнтэй судасны төрлийн эмгэгээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар ярилцлаа.
-Судас өргөсөх болон нарийсах нь чухам ямар шалтгаанаас үүсдэг юм бэ?
-Олон шалтгаантай. Төрөлхийн, гэмтлийнх байж болно. Хорин есөн настай дээрх эмэгтэй хувьд шатан дээрээс унаж гэмтсэнээс болж артери, венийн судасны эмгэг холбоос үүссэн байсан. Харин хатуурах өвчинд амьдралын зөв дэглэм баримтлаагүй, хэт таргалах, турах, хөдөлгөөний хомосдол, даралт ихсэх, хэтэрхий даарч хөрөх зэрэг нь үндсэн шалгаан болдог. Судас хатуурахад нөлөөлдөг хөндлөнгийн хүчин зүйл нь архи, тамхи, элсэн чихэр их хэрэглэдэгтэй холбоотой. Судас хатуурсан л бол хэзээ нэгэн цагт нарийсдаг. Олон жил даралт нь ихэссэн хүн сүүлдээ судас нь хатуурч эмчилгээ авахгүй болох тохиолдол ч бий. Тиймээс залуу насандаа амьдралын зөв дадал сахиж чадвал энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой. Хөлийн судасны бүдүүрэх өвчин нь олон шалтгаанаас үүсдэг. Хэтэрхий их суугаа болон зогсоо ажил хийх, жин хэт нэмэгдэх, төрлөхийн өөрчлөлтэй хүмүүст энэ төрлийн өвчин элбэг тохиолдоно. Ер нь сүүлийн үед судасны өвчлөл их залуужиж байна. Нарийн мэргэжлийн эмчээс анхны шинж тэмдэг илэрсэн даруйд зөвөлгөө авч оношлуулах хэрэгтэй. Хэрэв бүх эд эрхтэнийг тань тэжээж байгаа судсанд цус гүйхээ байчихвал хөл, гараа тайруулах аюултай учир урьдчилан сэргийлэх нь чухал арга.
-Тэгвэл анхны шинж тэмдэг нь хэрхэн илэрдэг юм бэ?
Хөлийн цусан хангамжийн цусны урсгал саатах эмгэг элбэг байна. Энэ нь тараагуур судасны өвчлөл юм. Эмгэгийн гол шинж тэмдэг нь хөл гөр даарах, явахад булчингаар чинэрч өвдөх, удаан алхахад хөлний эрээн булчингаар өвдөх, бадайрах, хөлөө базуулж даруулмаар болдог бол анхны шинж тэмдэг нь илэрч буй хэрэг юм. Энэ үед мэргэжлийн эмчид хандаж ямар өвчин болохыг нь лавлан эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Ер нь дээрх шинж тэмдгүүд нь судасны гаралтай эмгэгийн үед илэрдэг юм.
Гэтэл манайхны дунд хөл, гар өвдөж, хүйтэн оргиод байх юм бол бариа засал, шавар эмчилгээг сонгох олонтаа таардаг. Энэ эмчилгэ хэр зохистой вэ? Ялангуяа артерын судасны бөглөрөл, нарийсалтай холбоотой эмгэгийн үед онош тогтоогдоогүй байхад дээрх шинж тэмдэг илэрсэн үед бариа засал болон шавар эмчилгээ нь эсрэг заалттай байдаг юм. Бүрэн хориотой гэж хэлж болно. Аливаа эмчилгээ, сувилгаа хийлгэхийн өмнө нарийн мэргэжлийн эмчид хандсаны дараа л тэдгээрийг сонгох нь зүйтэй. Дур мэдэн бариа засал, шавар эмчилгээ хийлгэвэл судас улам л бөглөрч, цус нь бүлэгнэн үе, мөчөө тайруулах аюултай. Одоо манайд энэ төрлийн оношлогоо хийх багаж төхөөрөмж, мэргэжилтнүүд хангалттай байна. УКТЭ, ХСТӨ зэрэг эмнэлгүүдэд энэ төрлийн эмгэийг оношлодог аппарат элбэг байдаг.
-Судасны эмгэгтэй эсэхээ шинжилгээ хийлгэж байж мэднэ. Ямар шинжилгээ хийдэг юм бол?
-Судасны доплерграфи шинжилгээ, судасны өтгөн, шингэнийг үзэх шинжилгээ, ангиографийн шинжилгээ хийлгэсэн тохиолдолд таны судас ямар хэсэгтэй бөглөрсөн, гүнзгий байна уу эсвэл өнгөцхөн байна уу, ямар судсанд эмгэг үүссэн гэдгийг мэдэж болно. Бөглөрөл нь удаагүй байвал эмчлэгдэх бололцоотой. Харин хатуурч бөглөрсөн байвал судсаа сэтгүүлэх хэрэгтэй.
-Сүүлийн үед судасны хорт хавдар гэсэн өвчлөл гарах болжээ. Энэ ямар шалтгаанаас үүсдэг юм бэ?
-Судас гэдэг тэр бүр хавдраар өвчлөөд байдаг эрхтэн биш. Судасгүй эрхтэн гэж үгүй учир эрхтэнд ургасан хавдар нь судсаа бөглөж ургаснаас судас нь таглардаг. Зарим үед үүнтэй холбоотойгоор биед хүндрэл гарах нь бий. Зарим хавдар нь судсаар тэжээгдэж улам өсч томрон хагардаг. Ийм өвчний үед судасны тэжээлийг нь хаавал ургалт нь зогсдог. Түүнээс биш судасны гаралтай биеэ даасан хавдар нь тун ховор.
-Зарим хүмүүсийн биед жаахан л хүчтэй хүрчихээр хөхөрчихдэг. Энэ судасны гаралтай өвчлөл мөн үү?
-Хүмүүсийн судасны нэвчимтгий чанар ихэссэнээс жаахан хүчтэй гэмтэл, цохилтын улмаас хөхөрдөг. Бас тухайн хүний цусны онцлог чанартай холбоотой. Энэ нь судасны өвчний эхлэл байж болно. Тиймээс дээрх шинж тэмдэг илэрдэг хүмүүс бага дээр нь үзүүлж оношлуухад гэмгүй.
-Мөн судас нь амархан хагарчихдаг хүмүүс байдаг. Ямар учраас судас хагараад байдаг юм бэ?
-Цус хэтэрхий шингэрч уян хатан чанар нь ихэссэнээс судасны нэвчимтгий байдал ихэсч ийм шинж тэмдэг илэрдэг. Мөн элэгний өвчний үед ч гарах нь элбэг. Тэгэхээр энэ шинж тэмдэг нь судасных байна уу эсвэл элэгний өвчний шинж тэмдэг байна уу гэдгийг нь нарийн зааглаж оношлуулах хэрэгтэй. Түүнээс биш хөхөрсөн, хагарсан болгоныг цусны өвчтэй андуурах хэрэггүй.
-Арьсны гадаргууд судас товойн гарч ирсэн байдаг энэ ямар учиртай юм бол?
-Венийн судас бүлэгнэж, хатуурч, өнгөц венүүд нь өргөсч, гүн венүүдийн цусны урсгал саатах тохиолдол гардаг. Үүнээс болж венийн судсанд тромбо үүсдэг. Заримдаа хавхлагууд нь ажилгүй болж өнгөц судсууд овойж, товойх тал бий. Энэ бол тухайн хүний судсанд эмгэг өөрчлөлт орж байгаагийн шинж тэмдэг.
-Зүрх, судасны өвчин залуужиж байгаагийн шалтгаан юу вэ?
-Энэ бол шууд стресстэй холбоотой. Айж сандарсан, цочирдсон үед зүрхний шигдээсээр өвчлөх нь илүү байдаг. Тамхи татах, архи уух, даралт ихсэх, айж цочирдох зэрэг нь судсыг байнга спазмын байдалд оруулж байдаг. Мөн судас хатууралд элсэн чихэр, өөх тос их нөлөөтэй. Ялангуяа чихрийн шижин өвчтэй хүмүүс бүр амархан судас хатуурах өвчинд нэрвэгддэг.
-Тэгвэл бид энэ эмгэгээс өөрсдийгөө хэрхэн хамгаалж чадах вэ?
-Хамгийн гол нь хөдөлгөөнтэй байх хэрэгтэй. Хэн бүхэн өөртөө таарсан биеийн жинтэй байвал энэ өвчнөөр өвчлөх магадлал багатай. Архи, тамхи, өөх тос, чихрийг бага хэрэглэдэг, шингэн сайн уудаг байх юм бол өөрийгөө та энэ өвчнөөс хамгаалж чадна. Тэгэхгүй бол буруу хоолны дэглэм, хөдөлгөөний дутагдал энэ өвчнийг үүсгэх хүчин зүйл нь болдог юм шүү гэж хэлмээр байна.
-Ярилцсан: Мягмарын Даваабат