Жамц давс
Жамц давс нь эртний нууруудын булан тохойд үүсэж тунасан хуримтлалыг чулуун давс буюу жамц давс гэж нэрлэдэг. Жамц давс нь девон галавын үед буюу одоогоос 400 сая жилийн өмнө манай гаригт үүссэн гэж эрдэмтэд тогтоожээ.
Найрлага: Тус давсны найрлагад хүний биед зайлшгүй шаардлагатай кальци, кали, хүхэр, натри, төмөр, иод зэрэг эрдсүүд агуулагдсан байдаг.
Ач холбогдол: Жамц давс нь байгалийн эрдэст чанар, био идэвхт шинж, түүний найрлаган дахь амин хүчлүүдийг хамгийн чухал өөр амин хүчлээр орлуулж болдоггүй учир хүнсний хэрэглээнээс гадна ардын уламжлалт эмчилгээнд хэрэглэдэг. Тухайлбал,
- Тархины даралттай хүн дэрлэж унтах
- Хоолой болон амнб хөндийн өвчинд уусмалаар нь зайлах болон долоох
- Ходоодны өвчинд долоох болон уусмал бэлдэж бага багаар уух
- Шүд өвдөхөд зуух
- Даралт тогтворгүйтэх үед гишгэж тогтворжуулах гэх мэт олон янзаар хэрэглэдэг бөгөөд эдгээр нь туйлын үр дүнтэй гэдгийг нэмж хэлье.
Жамц давс нь магни багатай учир хоолыг гашуун болгодоггүй, зөөлөн амттай болгодог тул аль ч үндэстний хоолонд хэрэглэхэд тохиромжтой. Жамц давсыг хүнсэнд байнга хэрэглэснээр амны хөндийн болон ходоод доторын өвчнөөс сэргийлэх, хоолны дуршил болон шингэцийг сайжруулдаг ач холбогдолтой.
Н.Цогтмандах: Давс хэрэглэхээ больчихвол ходоод задалж, шингээх чадвараа алддаг
Сүүлийн үед ”Би давс огт хэрэглэдэггүй”, ”давснаас татгалзсаан” гэх мэт яриа олонтаа чих дэлсэх болжээ. Энэ бол сайн. Харин хэзээ ямар тохиолдолд ”сайн” бэ гэхээр хэрвээ энэ нь цэвэршүүлсэн цагаан давсыг хэлж байгаа тохиолдолд л ”сайн” юм. Харин бүх төрлийн давсны тухайд нийтээр нь хамарсан утгаар бол ”сайн биш” болдог. Учир нь давс хүний биед чухал үүрэг гүйцэтгэдэг олон төрлийн микро элементүүдийг агуулдаг. Тэдгээр нь өчүүхэн төдийгөөр биед шаардагдах боловч маш чухал, өөр юугаар ч орлуулшгүй үүрэгтэй байдаг. Гэхдээ энэ нь цэвэршүүлж боловсруулаагүй байгалийн давсанд л байдаг гэдгийг бүгд мэдэх байх.
Хамгийн эхний үүрэг нь давс хүний биеийн дархлааны системийн нэг чухал хэсэгт гол үүргийн гүйцэтгэдэг. Энэ нь ходоодны хүчил юм. Ходоодны хүчил хэдий сайн, хүчиллэг байх тусам хоол хүнстэй хамт орж ирсэн халдвар элдэв үүсгэгчид, бичил биетнүүд, мөөгөнцөр зэргийг устган задалж биеийг хамгаалдаг.
Тэр гол хамгаалагч болсон ходоодны хүчил чинь давсны хүчил юм шүү дээ. Хэрвээ давс огт хэрэглэхээ больчихвол хүчил маань сулраад ходоонд орсон зүйлийг ариутгаж дийлэхээ больдог. Үүгээр ч зогсохгүй идсэн уусныг задалж шингээж чадахгүй болчихоор тэндээсээ хамаг хэрэгтэй бодисоо шимж авч чадахаа байнаа л гэсэн үг.
Хүчиллэг биш, шүлтлэг талдаа, эсвэл бага хүчиллэг болсон ходооны шүүс маань төмөр болон В витаминыг боловсруулж шингээх боломжгүй болно. Энэ нь юу гэсэн үг вэ? Анемиа буюу цус багадалт гэсэн үг. Тэгээд л цус багадалтандаа баахан төмрийн бэлдмэл бичиж өгөөд хөөрхий муу зовчихсон ходоод нь л эргээд өвдөөд эхэлдэг. Энэ бол ердөө ганц жишээ. Манайхны дунд ходоодны шүүс эрүүл байх нь эрүүл мэндэд ямар их чухал суурь ач холбогдолтой гэдгийг даанч үнэлдэггүй байдал анзаарагддаг.
Биен дэх бодисын солилцоо, био химийн урвалын ихэнх нь маш сул давсны уусмалд л явагдаж чаддаг гэдгийг ямагт санаж яваарай. Тун нь таарвал хор ч эм болдог , таараагүй бол хоол ч хор болдог.
Нэг өдрийн зохистой хэмжээ ойролцоогоор 5 гр. Энэ нь цайны халбагаар тэгшилж авсантай ойролцоо хэмжээ. Хүүхдэд түүнээс бага байх нь ойлгомжтой.
Уламжлалт Анагаах ухааны эмч Намхайдоржийн Цогтмандах