Дунайский салат буюу алаг салат хийх жор

Олон хүний хүсэлтээр олон жил хийгээгүй алаг салатаа хийлээ.

Орц:

  • Улаан лооль 1,5 кг
  • Ногоон лооль 1 кг
  • Лууван 1кг
  • Бөөрөнхий байцаа 400 гр
  • Өргөст хэмх 300 гр
  • Амтат чинжүү 300 гр
  • Бөөрөнхий сонгино 300 гр
  • Лаврын навч 7 ширхэг
  • Бөөрөнхий хар перец 1 ц/х
  • Давс 90-100 гр (хэр давс иддэгээсээ шалтгаалан өөрсдийн амталгаандаа тохируулаарай) би өөрөө 90 гр давс хийсэн.
  • Элсэн чихэр 200-250 гр
  • Ургамлын тос 200-300 мл
  • 70%-ийн уксус 20-30 мл (эсвэл 20%-ийн уксус 70-100 мл)

Хийх арга:

Томхон саванд бүх ногоогоо савхан болон нимгэн хавтгай хэрчиж хийгээд (хэрчилтийг зурагнаас тодорхой харна уу) бүх амтлагчтайгаа хольж сайтар хутгаад 4-6 цаг таглаж амраана. Цаг тутамд сайн хутгавал 4 цаг амраахад хангалттай. Хэрвээ хутгах боломжгүй бол 6 цаг амраагаарай. Дараа нь ширүүн гал дээр 25 минут буцалгаад л бэлэн болно. Ямар ч ус орохгүй. Ногооноос ялгарсан шүүсэнд нь чанаж болгоно гэсэн үг.

Би урд нь ингэж хийгээд л ариутгасан шилэндээ халуунаар нь хийж таглаж хөргөдөг байлаа. Ингэж хийхэд хадгалах хугацаа хөргөгчинд дээд тал нь 2 сар байсан санагдаж байна. Удхаараа болон тасалгааны температурт цагаарч, эсээд удаан хадгалж болдоггүй.

Тиймээс нэг юм уу хоёр порц хийж сар гарангын хугацаанд идэж дуусгадаг байсан. Яг энэ порцоор 600 мл-ийн шилээр 4, 800 мл-ийн шилээр 2 гээд нийт 6 шил болж байна. Мөн 400 мл шүүс гарлаа.

Сая энийг хийхдээ ариутгасан шилэндээ буцалсан халуун алаг салатаа хийгээд огурцы дардаг шигээ 5 минут жигнээд халуунаар нь таглаад 12 цаг доош нь харуулж хөргөөд дээш зөв харуулж хөргөгчиндөө хийчихлээ. Юмыг яаж мэдхэв ингэвэл хадгалах хугацаа арай уртасч магадгүй гэж бодоод туршиж үзэхээр шийдэв. Та нар минь өөрсдийнхөө сонирхлоор чанаж болгосон алаг салатаа халуунаар нь ариутгасан шилэндээ хийж ариутгасан таглаагаар таглах юмуу огурцы шигээ жигнээд таглаж бас болно.

Яг энэ орцоор хийхэд тос нь таарсан их аятайхан болдог. Хэрвээ тосорхог идэх дуртай бол өөртөө тохируулан ургамлын тосоо 300 мл хүртэл нэмэгдүүлээрэй. Мөн улаан лооль хийлгүй дан ногоон лоолиор хийх бол элсэн чихэрний хэмжээг өөрсдийн амталгаанд нийцүүлэн 250 гр хүртэл нэмэгдүүлж болох юм. Улаан лооль хийвэл өнгөлөг болдог. Амтат чинжүүг улаан, шарыг хийвэл өнгөлөг болдог ч гэлээ дан монгол ногоогоороо хийсэн тул ногооныг хийлээ. Манай эрчүүд хөх тарианы талхтай холиод үжээн 1 шилийг нь хоослоод тавьчихсан байна.

Танд амжилт хүсье!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Please reload

Please Wait