Утгыг бодолгүй үгэнд уягдвал төөрөгдөл их

Нэгэн удаа лам нар мах идэх нүглийн талаар муушаан хэлэлцэж байгаад тэр тусмаа загас, гахайн мах идэх нь нэн хүнд хэмээн ярихад Брүгба Гүнлэг ингэж хэлжээ:

Бурханы хөлгөн бүхэнд мах идэхийг алдас гэж номлосон. Түүний утга нь: нигүүлсэнгүй ёсонд харшилж, маханд шунамхайрч амь хорооход амтших вий гэсэндээ л тэр. Хамаг амьтныг эцэг, эх хэмээн сургадаг шүү дээ. Төрөл тутамд эцэг болсон амьтдын ясыг овоолбол сав ертөнц багадна. Эх болсон амьтдын хөхний сүүг цутгавал түүнтэй эгнэх далай тэнгис үгүй. Тэр үүднээс санавал хэн эцэг, эх, үрийнхээ махыг идэх гэж дурлах вэ. Гэвч утгыг бодолгүй үгэнд уягдвал төөрөгдөл их. Хүн болж төрсөн хойно амь амьжиргааг тэтгэх зайлшгүй шаардлага гарвал харин ч гахайн мах зүгээр биз. Хонины ноос, үнээний сүүг бид ашигладаг. Шар үхэр, сарлаг хайнагаар ачаа тээж, анжис чирдэг. Гахай харин ноос өгөхгүй, ачаа зөөхгүй, газар хагалахгүй. Юуны тулд гахайг тэжээх билээ. Гагцхүү хүнсэнд зориулах бус уу. Өөр өөр орон төрөлд үйл үйлийн хуваарь бий.

Гурил зооглоход нүгэлгүй гээд аягаа цоортол арвай зууран үмхэлж буй номч нар бодож болгоодог уу? Тариа тарихад хөрс эргүүлж, ус татахаас эхлээд тэр хооронд хэчнээн хорхой шавьж үрэгддэг вэ? Үхэр төхөөрөх, шоргоолж алах хоёрыг цэгнэвээс маханд нь их, багын ялгаа байвч аминд нь их, багын ялгаа үгүй. Тийм хойно ил аллагыг буруушааж, эчнээ аллагыг зөвшөөх буюу өрөөл бусдыг цусан гартнаар нь дуудаж шүүмжлэх мөртлөө өөх, мах алаглуулаад цав барихад нь өглөгийн эздийн өргөлийг нигүүлсэхүйгээр болгооё доо гэж хоёр нүүрлээд яах вэ.

Агнистын гэгээ

Орчуулсан П. Бадрал

Утгыг бодолгүй үгэнд уягдвал төөрөгдөл их. /хуулбарлав/

Утгыг бодолгүй үгэнд уягдвал төөрөгдөл их…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *