Урласан мэт гоолиг сайхан гартай болохыг эмэгтэй хүн бүр мөрөөддөг. Цаг хугацааны эрхээр бидний гар гоо сайханаа алдаж, арьс нь унжиж эхэлдэг. Бүсгүйчүүд бид өөрсөддөө анхаарал тавихгүй байсаар байвал бидэнд хамгийн их тулгардаг асуудалуудын нэг болох гарны гоо сайханаа алдаж мэдэх юм.
Гарынхаа унжсан арьсыг үл тоомсорлож буй шалтгаан нь ихэнхдээ гараа доош буулгахад хэвийн байгаа мэт харагддаг болохоор тайвширдагт оршиж байна. Ханцуйгүй даашинз өмсөх эсвэл гараа дээш өргөх хэсэгхэн хугацаанд л өөх, сул арьс маань ил гардаг. Гарны хамгийн нуугдмал булчин болох гурван толгойт булчин суларсны нөлөөгөөр ингэж гарны гоо сайхан алдагддаг байна.
Гоё задгай цамц, даашинз өмсье гэвэл гар, суганы орчим төгс сайхан байх ёстой, сарьсан багваахайн далавч шиг байлгаж болохгүй. Иймээс бид та бүхэнд гараа унжихаас хэрхэн сэргийлэх, гэртээ гурван толгой булчингаа хөгжүүлж гоо сайхан гартай болох дасгалуудыг зааж өгөх гэж байна.
Суганы сул өөх
2019 оны Оскарын ёслол дээр одууд зөвхөн стилистуудын ур чадварыг харуулаад зогсохгүй өөрсдийнхөө өө сэвийг харуулсан нь хэтэрхий өөлмөөр зүйл болсон юм. Ганган даашинзнаас давж гарсан өөх нь өлгөөтэй өөх шиг л харагдаж байсан нь үнэхээр онцгүй. Хамгийн сонин зүйл бол энэ сарьсан багваахайн далавчнууд нь илүүдэл жинтэй огт холбоогүй байсан явдал юм.
Тухайлбал, Эмилиа Кларк, Селма Блэйр, Серена Уильямс, Сара Хиланд нар үнэхээр гоолиг биетэй бүсгүйчүүд, гэтэл задгай загвартай даашинз өмссөн нь тэдний сул талыг илүү гаргаж ирсэн юм.
Гол төлөв жингийн алдагдалаас болж арьсны атираа үүсч болох боловч ихэнхдээ энэ нь бие махбодь эсвэл арьсан доорх өөхөн давхаргын онцлог шинж байж болох юм. Ийм согогыг арилгах хамгийн хурдан бөгөөд хялбар арга бол брахиопластик буюу мөр болон суган дахь илүүдэл арьсыг арилгах мэс заслын арга юм. Гэхдээ энэ нь үнэтэй бөгөөд ямар ч мэс заслын адил нөхөн сэргээх хугацаа шаардагддаг. Иймээс хамгийн сайн үр дүнтэй арга бол гэртээ ч гэсэн хийж болдог дасгалууд юм.
Эдгээр дасгалууд нь сарьсан багваахайн далавчнаасаа салах, түүнээс урьдчилан сэргийлэхэд туслах болно. Үүнээс гадна та өөрийгөө үнэлэх үнэлэмжид ихээхэн нөлөөлөх үр дүнд хүрвэл өөрөөрөө бахархах болно. Гурван толгойт булчинг хөгжүүлдэг хамгийн сайн үр дүнтэй дасгалуудыг орууллаа, дагаад хийгээрэй.
- Сандал түшиж хийх дасгал
Энэхүү дасгалыг хийхэд маш тогтвортой сандал хэрэгтэй. Сандал руу нуруугаа харуулаад сандлын ирмэг дээр гараа тавиад өвдөгөө нугална. Тохойгоороо гараа нугалаад биеэ аажмаар доошлуулна. Дараа нь тохойгоо шулуун болгоод анхны байрлал руугаа буцна. Энэ гурван үйлдэлийг 15 удаа хийнэ. Дасгал тус бүрийн дараа булчингаа сунгах байдлаар нурууныхаа ард хоёр гараа түгжих хөдөлгөөн хийгээрэй.
2. Арагш тулж хийх дасгал
Шалан дээр суугаад, гараа ардаа аарцагнаас 15 см зайд байрлуулаад, анхаарлаа сайн төвлөрүүлээрэй. Өвдөгөө нугалаад аарцагаа шалнаас дээш өргөж хөндийрүүлээд хэдэн секундын турш байрлалаа түгжиж байгаад буцааж доошлуулна. Энэ дасгалыг хийх үед тохой нь нурууны чанх ард байх ёстой. Дасгалыг 15 удаа хийнэ.
3. Гантель өргөх дасгал
Танд 0.5 – 2 кг –ийн гантель байвал их зүгээр. Хэрэв байхгүй бол усны шил болно. Сандал дээр суугаад нуруугаа цэх болгоорой. Хоёр гараараа гантелиа бариад тохойгоороо нугалаад, толгойныхоо ард ав. Гантелиа толгойныхоо араар аажмаар доош буулгаад, дараа нь анхны байрлалдаа буцааж авчирна. Энэ дасгалыг хийж байхдаа сандлын арыг налахгүйгээр нуруугаа цэх шулуун байлгахыг хичээгээрэй. Дасгалыг 15 удаа хийгээд, гарны булчингаа сунгаж өгнө.
4.Гараа нугалах дасгал
Гурван толгойт булчингийн маш түгээмэл дасгал. Сандал аваад биеэ шалтай зэрэгцүүлэн паралелль байрлалтайгаар урагш бөхийлгөнө. Нэг гараа сандал дээр тавиад, нөгөө гараараа гантелиа барина. Гараа 90 хэмийн өнцгөөр алгуурхан нугална. Дараа нь нөгөө гараараа солбиж хийгээрэй. Гар тус бүрт 15 удаа давтаж хийнэ.
5.Дээш түлхэлттэй дасгал
Тиймээ, энэ дасгал бол сонгодог түлхэлттэй дасгалуудтай ижил дасгал юм. Шалан дээр хэвтэж онцлох байрлалд шилжинэ (өвдөг дээрээ сууж болно). Гараа тохойгоороо нугалаад биеэ шалтай зэрэгцүүлсэн байрлалтай доошлуулаад, дээш тэнийлгэнэ. Дасгалыг 15 удаа давтаж хийнэ.
Суга, гарны энэхүү хосолсон дасгалыг хоёр долоо хоногийн турш өдөр бүр хийгээд үр дүнг нь хараарай, дараа нь үргэлж залуу харагдахыг хүсч байвал дасгалаа хаялгүй тогтмол хийж байгаарай. Үр дүн гарч эхэлснээс хойш долоо хоногт 2 удаа хийж байж болно. 30 наснаас хойш энэ дасгалыг зайлшгүй хийж байх хэрэгтэй, харин 40 наснаас хойш хийхэд маш хэцүү хэдий ч маш чухал гэдгийг санаарай. Тиймээс, залхууралгүйгээр эдгээр дасгалуудыг хийж байх ёстой юм шүү! Биеийн ерөнхий булчиндаа анхаарах ёстой гэдгийг ч бас бүү мартаарай.
Орчуулсан: Х.Гэгээн
Эх сурвалж: https://takprosto.cc