Эмэгтэйчүүдийн цэвэршилтийн үеийн шинж тэмдгүүд болон авах арга хэмжээ

Эмэгтэйчүүдэд 45-аас хойш насанд тулгардаг тэдний амьдралын шийдвэрлэх үе буюу “цэвэршилт” гэж явагддаг.  Энэ үед бие махбодь, сэтгэл санаа, зан араншинд өөрчлөлт гарч, сарын тэмдэг ирэхээ больдог байна.  Эмэгтэй хүний нөхөн үржлийн үе дууссанаар физиологийн хэвийн үйл явц болох цэвэршилт явагддаг. Эмэгтэй хүн бүр энэ шилжилтийн үеийг хүндрэл багатайгаар даван туулахыг хичээдэг. Цэвэршилтийн үед эмэгтэйн эстрогений ялгаруулалт буурдаг бөгөөд энэ нь ихэвчлэн ер бусын бие махбодийн мэдрэмж, стресс дагуулдаг.

Цэвэршилтийн үед дараах шинж тэмдгүүд илэрнэ:

  • Эмзэг мэдрэмтгий болно.
  • Хурдацтай жин нэмнэ.
  • Үе мөч өвдөж, янгинана.
  • Багахан зүйлд гомдож, уйлна
  • Нойргүйдэж, сэтгэлээр унана.
  • Заримдаа нэрээ ч санахаа больно.
  • Өнгөрсөн рүүгээ очмоор санагдана.
  • Хэв маяг, үзэл бодол өөрчлөгдөнө.
  • Бусдын хэлсэн үгийг хүндээр тусгаж авна.
  • Байнга халууцаж, бачимдана.
  • Ус уумаар санагдаж, цангана.
  • Бусадтай хэрэлдэж, маргалдахад үргэлж бэлэн байна.
  • Хөлрөнө.
  • Амттан идэх дур хүсэл нэмэгдэнэ.
  • Бэлгийн дур хүсэл өөрчлөгдөнө.
  • Хүссэн бүхнээ санаа зовохгүй хэлнэ.
  • Илүү чөлөөтэй, өөрийнхөөрөө байна.
  • Хөргөгчинд суугаад баймаар санагдана.
  • Ойр ойрхон шээс хүрнэ.

Эмэгтэй хүний гоо сайхан, эрүүл мэнд

Цэвэршилтийн байдалд орсон эмэгтэйчүүд даавар агуулсан эм хэрэглэж болно. Үүнийг хэрэглэх нь арьс, үс, хумс, ерөнхий сэтгэлийн төлөв байдалд эерэг нөлөө үзүүлдэг.

Амьтны дааврыг эм, гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэлд хэрэглэхийг олон оронд хориглосон байдаг тул эрдэмтэд өөр хувилбар хайж эхэлжээ.

Бие махбодид эстрогентэй төстэй гаж нөлөө үзүүлдэггүй ургамлын гаралтай бодисууд олджээ. Тэднийг фитогормон гэж нэрлэх болсон.

Ургамлын хувьд тэдгээр нь хөгжил, өсөлтийн үйл явцыг дэмждэг: эсийн хуваагдал, үрийн соёололт, нахиа хөгжүүлэх, цэцэглэх, жимсний ургалтыг идэвхжүүлдэг.

Энэ ч утгаараа тэд хүнд ч гэсэн эерэг нөлөө үзүүлдэг. Фитогормонууд нь уян хатан чанар алдагдах, хуурайших хандлагатай нас бие гүйцсэн эмэгтэйчүүдэд зориулсан арьс арчилгааны гоо сайхны бүтээгдэхүүнийг бэлтгэхэд ашигладаг. Тэдгээрийг хэрэглэснээр эмэгтэйчүүд гаднах байдлаар залуужих боломжтой болно.

Цэвэршилтийн эхний шинж тэмдэг бол гэнэт халуун оргих мэт мэдрэмж байдаг . Энэ үеэр гэнэт халуун оргиж, заримдаа нүүр улайж, биеийн халуун нэмэгдэн, хөлөрдөг. Мөн зарим эмэгтэйчүүдийн зүрхний цохилт түргэсч, хэм алдагдан бүр даарах нь ч бий. Ийм нөхцөлд тэрээр бие махбодийн болон сэтгэл зүйн таагүй байдлыг мэдэрдэг.

Эмэгтэйчүүдийн гэнэт халуун оргих шалтгаан нь өөр өөр байж болно. Нийтлэг нэг зүйл байдаг – энэ нь терморегуляцийг хариуцдаг эстрогений түвшин буурах явдал юм. Стрессийг мэдэрч, цусны эргэлт, зүрхний цохилтыг нэмэгдүүлдэг хоол хүнс, бодисын солилцоог хурдасгадаг эмүүд хэрэглэдэг, гипогликеми, гипертиреоз зэрэг өвчнөөр шаналж буй хүмүүст халуун оргих мэдрэмж их төрдөг.

Цэвэршилтийн үеэр халуун оргих мэдрэмжийг хэрхэн яаж арилгах вэ?

Гормон орлуулах эмчилгээг эхлэх хэрэгтэй. Уг эмчилгээг хийснээр эрүүл мэндийг сайжруулах, халуун оргих мэдрэмжийг багасгах, арьс, хумс, үсний байдлыг сайжруулах, зүрхний үйл ажиллагааг сайжруулах, ясны сийрэгжилт, чихрийн шижин, бүдүүн гэдэсний хорт хавдраас урьдчилан сэргийлэх үйлчилгээтэй.

Гэсэн хэдий ч судалгаагаар даавар нь цус харвалт, тромбоэмболизм, холецистит, астма, тэр ч байтугай хөхний хорт хавдрын эрсдлийг нэмэгдүүлдэг. Тиймээс гормон орлуулах эмчилгээнд зориулж эмийг сонгохдоо эмчтэйгээ зөвлөх шаардлагатай.

Ихэнх эмч нарын одоогийн байр суурь дараах байдалтай байна: 45-59 насны эмэгтэйчүүдийг ГОЭ-нд (гормон орлуулах эмчилгээ) шилжүүлэхийг зөвшөөрдөг. Гэхдээ үүнийг 5 жилээс илүүгүй хугацаанд зөвшөөрдөг.

Жирэмсэн эмэгтэйчүүд, элэгний өвчтэй эмэгтэйчүүд, тромбоз, хөхний хорт хавдар, умайн миома, цөсний хүүдийд чулуутай эмэгтэйчүүдэд ГОЭ-г хориглодог.

Шар буурцаг дээр суурилсан фитоэстрогенүүдийн талаар тусад нь дурдах нь зүйтэй бөгөөд эдгээрийг эмийн ГОЭ-ний хэлбэрээр амаар авдаг. Нэг талаас, тэд эсрэг заалт байдаггүй тул сайн байдаг. Гэхдээ нөгөө талаар тэдгээр нь эмэгтэй хүний биед эмчилгээний нөлөө үзүүлдэг үү эсвэл зөвхөн плацебо эффект үүсгэдэг эсэхийг бүрэн судлаагүй байна.

Цэвэршилт бол нас ахихад эмэгтэй хүний бие организмд тохиолддог хэвийн үйл явц юм. Тиймээс тогтсон хугацаандаа цэвэршилт явагдаж, шинж тэмдгүүд нь таныг зовоохгүй байвал эмчилгээ хийлгэх шаардлагагүй байдаг. Мөн та эрүүл амьдралын хэв маяг баримталснаар цэвэршилтийн шинж тэмдгүүдийг багасгах боломжтой.

ОРЧУУЛСАН: Ж.АЛТАН

Эх сурвалж: такпросто, gegee.one

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *