Тасалгааны цэцгийг хэрхэн, зөв сайхан ургуулах вэ

Тасалгааны цэцгийг ерөнхийд нь гурав хуваадаг. Гэрэл их шаарддаг, багавтар шаарддаг огт гэрлийн шаардлаггүй гэж хуваадаг. Гэрэл их шаарддаг ургамал өндөр хэмийн дулааныг бас шаарддаг тул нөгөө хоёроосоо илүү их зардал шаарддаг байна.

Өндөр үнэтэй цэцэг их арчилгаа шаарддаг тул таньд энэ бүхнийг амжуулах цаг зав гарах үгүйг сайн тооцоорой.

Гэрийнхээ, өрөөний цонхны байрлалыг сайн мэдэж авах нь чухал. Таны бүх өрөөний цонх урд болон зүүн зүг рүү харсан бол нарны гэрэл дээд болон дунд түвшинд тусна. Баруун тийшээ харсан цонхтой бол нарны гэрэл дунд зэргийн түвшинд тусдаг бол хойд зүг рүү харсан цонх хамгийн гэрэл багатай байдаг.

Гэрлийг тохируулах

Тасалгааны цэцгийг гэрэл шаардах байдлаар нь: гэрэлсэг, гэрэлд дуртай, сүүдэрт дуртай, сүүдэрт тэсвэртэй гэж хуваадаг. Гэрэл дутагдвал иш нь сунаж навч нь цайж зөөлрөх, хэлбэр нь өөрчлөгдөх, цэцгийн тоо цөөрч, заримдаа цэцэглэлт нь зогсох, өнгөө алдах үзэгдэл гардаг. Иймд ургамлыг тасалгаандаа зөв байрлуулах шаардлагатай. Үүнд:

Крассула, Эуфорбия, Алоэ, Роз, Пелооргония, Гвоздика, Гиппаструм , Колер, Ирезина зэргийг нарлаг цонхонд.

Бегония, Аспарагус, Кливая Циперус, Спаржа, Колькольчик зэргийг гэрэл багатай цонхонд тавих нь зохимжтой. Навчин дээрхи тоос шороо, утаа тортог нь гэрэлтүүлэгийг хааж фотосинтез ба бодисын солдилцоо, амьсгалах, ус ууршуулахад муугаар нөлөөлдөг тул тоос шороог арчиж, шүршиж цэвэрлэж байх хэрэгтэй.

Хөрс сийрэгжүүлэх арга

Тасалгааны цэцгийн хөрсийг сийрэгжүүлэхэд 15-20 см-ийн урт нарийн савх мод бэлтгэж 7 хоногт 1-2 удаа ургамлын үндсийг гэмтээхгүйгээр хөрс рүү болгоомжтой хийнэ. Хөрсний өнгөн хэсэгт тархсан, ялангуяа туяхан үндэстэй ургамлыг сийрэгжүүлэхэд ваар савны ирмэг хавиар 0.5 см-ээс хэтрэхгүй гүнд, харин үндэсний хөгжил сайтай хөрсний гүнд тархдаг үндэстэй ургамлуудыг илүү гүнд сийрүүлж болдог. Энэ нь хөрсний ус шингээх чадвар, агаарын хангамжийг сайжруулдаг. Үүнийг хуурай усалгаа ч гэж нэрлэдэг.

Ургамлаа хэзээ бордох вэ?

Гэрийн таримал цэцэг нь агаар, нарны гэрэл багатай, тоос ихтэй орчинд байдаг тул гадна ургамлаас илүүтэй бордоо шаардлагатай байдаг. Гадна хөрсөнд байгаа ургамал нь хөрс болон борооны уснаас хэрэгтэй шим тэжээлээ авдаг бол гэрийн ургамлын ваартай хөрс 2 сар тутамд шим тэжээлээ алддаг ажээ. Тиймээс хэрэгтэй үед нь зөв бордож чадвал сайхан ургаж, хурдан цэцэглэдэг билээ. Хэрэв танай цэцэг:

  • Ургалт нь удааширч, гундвал
  • Ургамлын навч нь цайрч, унаж эхэлвэл
  • Цэцэгний булцуу гарсан ч дэлгэрэхгүй удвал
  • Навч нь шарлах, элдэв толбо үзэгдэж эхэлвэл

Та ургамлаа бордох цаг нь болжээ гэсэн дохио юм.

Кофены шаараар бордох

Кофе болон цайны шааранд байдаг бодисууд нь цэцэгний хөрсөнд тэжээл өгч чаддаг.

Хэрхэн бордох вэ? 

Кофений шаар болон цайны идээгээ цэцэгнийхээ хөрсөнд хийж  7 хоногийн дараа хамж авна. Цайны шаарны үнэрт ялаа дуртай байдаг тул, шавьжнаас сэргийлэхийн тулд хөрсөө байнга шалгаж байх хэрэгтэй шүү.

Цитрусын жимсээр бордох:

Цитрусын төрлийн витаминаар баялаг мандарин, жүрж, банана зэрэг жимс нь гэрийн таримал цэцгэнд маш сайн тэжээл өгч чаддаг.

Хэрхэн бордох вэ? 

Жимсээ хальслаад шилэн савны 1\3-ийг нь жимсний хальсаар дүүргэж, дээрээс нь халуун ус хийж саваа дүүргэнэ. Үүнийгээ 24 цаг хандалсны дараа ургамлаа усална. Холимгоороо 14 хоногт 1 удаа хөрсийг нь услаж хэрэглээрэй.

Үнсээр бордох арга:

Ургамал сайхан ургахад нэн шаардлагатай төмөр, фосфор, кальци, цайр зэрэг нь модны үнсэнд агуулагддаг. Тиймээс модны үнсээр гадна болон дотор ургамлыг бордвол хортон шавьжнаас сэргийлэхээс гадна, ургамлыг хэрэгтэй тэжээлээр хангаж чаддаг.

Хэрхэн бордох вэ? 

Цэцэгнийхээ хөрсийг шилжүүлэн суулгахдаа шинэ хөрснийхөө 1\4-д нь үнс хольж хийнэ. Эсвэл 1 литр усанд, 1 хоолны халбага үнс хийж сайтар уусгаад, 7 хоногт 1 удаа цэцгээ услаарай. Ингэвэл ургамалд элдэв шавьж үржихгүйгээс гадна хурдан цэцэглэдэг.

Исгэгчээр бордох:

Ургамлын хөрсөнд исгэгч хийвэл доторх ашигтай бичил биетүүдийн үйл ажиллагааг дэмжиж, нүүрсхүчлийн давхар ислийн хэмжээг нэмэгдүүлдэг гэдгийг эрдэмтэд тогтоожээ.

Хэрхэн бордох вэ? 

1 литр усанд, нэг цайны халбага элсэн чихэр, 10 грамм исгэгч хийж 2 цаг өрөөний темпратурт байлгана. Үүгээрээ 14 хоногт 1 удаа цэцгээ уславал 1 сарын дотор ургамал сэргэж, илүү хурдан томорно. Энэ үедээ навчинд хүргэхээс зайлсхийгээрэй.

Аквариумын ус:

Хэрэв та үнэтэй тэжээл, бордоонд мөнгөө үрэхийг хүсэхгүй байгаа бол аквариумын усаар намар болон зуны улиралд цэцгээ услаарай. Ийм усанд маш олон төрлийн бордогч бодис үүссэн байдаг тул хөрсөнд ашигтай тэжээлүүдтйг өгч чаддаг.

Хэрхэн бордох вэ? 

Та ердөө л цэцэг усалдаг усаа, аквариумын усаар солиход хангалттай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *