Зүрхний шигдээс болохоос өмнө илэрдэг ноцтой 11 шинж тэмдэг

ЗҮРХНИЙ ШИГДЭЭС ГЭЖ ЮУ ВЭ?

Хүчилтөрөгчийн дутагдлаас булчинд бүрэн бус исэлдэлтийн бүтээгдэхүүнүүд хуримтлагдаж, өвдөлтийн рецепторыг цочроосноор өвдөлт үүсдэг. Зүрхний булчингийн хүчилтөрөгчийн дутагдал нь түүний тэжээл буюу цусан хангамжийн дутагдлаас үүсэх бөгөөд тэжээл дутагдах хоёр төрлийн үндсэн шалтгаан бий. Цусан хангамжийн дутагдлын үргэлжлэх хугацаа, гэмтлийн зэргээс хамаарч өвдөлт янз бүр байна.

Нэгдүгээрт, зүрхийг тэжээгч титэм судасны эмгэг буюу нарийсал эсвэл бөглөрлөөс үүдэлтэй. Нарийсал нь судасны үрэвсэл, хатуурал, шохойжилт, төрөлхийн гаж хөгжил зэргээс үүсдэг. Судас цусны бүлэн, хий зэргээр бөглөрнө.

Хоёрдугаарт, зүрхний булчингийн хэрэгцээ нэмэгдэхтэй холбоотой. Зүрхний булчин томрох эсвэл зүрхний цохилтын тоо олширсноос булчингийн хүчилтөрөгчийн хэрэглээ нэмэгдэнэ. Энэ үед хэвийн, эмгэг өөрчлөлтгүй, титэм судас хангалттай тэжээл буюу хүчилтөрөгчийг өгч чадахгүйд хүрдэг.

Иймд цусан хангамж дутагдсанаас үүссэн өвдөлтийг ялган танихад хялбар болгох үүднээс байрлал, онцлог, дамжилт, хугацаа, эрчим, намдах үйл явцаар нь тодорхойлж болдог. Бид эдгээрийг “БОДХЭН” гэж зургаан үсгээр товчилж тайлбарладаг юм.

Тодруулбал, байрлал гэдэг нь цээжний зүүн талд, өвчүүний араар өвдөх, онцлог нь дараад, базаад, шахаад байгаа мэт мэдрэмж төрөх, дамжилт нь зүүн гap, дал, мөр лүү өвдөлт дамжих, хугацаа нь 20 минут хүртэл өвдөхийг хэлнэ. Нэг минутаас бага өвдөх нь зүрхний өвдөлт биш, 20-оос дээш бол зүрхний шигдээсийн шинж.

Эрчим гэдэг нь өвдөлт сулаас маш хүчтэй байж болно. Намдах нь титэм судас тэлэх эм эсвэл хийж буй үйлдэл, ачааллаас хамаарна. Зүрхний шигдээсийн үед зөвхөн өвдөлт намдаах эмэнд эрч нь суларна. Цусан хангамжийн дутагдалтай булчингийн эсүүд унтаа байдалд ордог. Зүрхний цусан хангамжийг сэргээхэд унтаа эсүүд сэргээд үйл ажиллагаагаа гүйцэтгэж чадвал “зүрхний бах” гэж үздэг. Харин булчингийн эсүүд үхсэн бол зүрхний шигдээс гэж оношилно.

Зүрхний шигдээс болохоос өмнө илэрдэг ноцтой 11 шинж тэмдэг

1. Ядаргаа

Дөнгөж орноосоо босоод, өглөөнөөс эхлээд өөрийгөө ядарснаар мэдэрч байгаа бол, амархан ядарч байгаагаасаа болж ажлаа ч хийж чадахгүй байгаа бол, ажлаа хийсний дараа ямар ч эрч хүчгүй, тамир тэнхээгүй болсон бол – энэ бол зүрхний дутагдалтай байж болох түгшүүрийн шинж тэмдэг юм шүү.

2. Сульдах

Асуумжын дагуу зүрхний шигдээстэй байсан өвчтөнүүдийн ихэнх нь шигдээсийн өмнө маш ихээр сульдаж байсан гэдгийг эмч нар анзаарчээ. Тэд гартаа хөнгөн зүйл ч барьж чадахааргүй сульдсан байсан гэнэ. Сульдсан, хүчгүй мэдрэмж нь бидний ханиад хүрсэн үед илэрдэгтэй адил мэдрэмж бөгөөд энэ нь маш ойрын хугацаанд зүрхний шигдээс болж болохыг илтгэнэ.

3. Түгших

Зүрхний шигдээс ойртож байгааг илэрхийлэх хамгийн нийтлэг шинж тэмдэг бол хүчтэй сэтгэл түгшилт юм. Эмч нарын мэдээллэснээр өвчтөнүүд эмнэлэгт хэвтэхээсээ өмнө шалтгаангүйгээр түгших эсвэл айх мэдрэмж төрж зовиурлаж байсан гэжээ.

4. Амьсгал давчдах

Бага зэргийн бие махбодийн ачаалалд (3 давхар луу шатаар алхахад) хүчтэй амьсгал давчдаж, агаар дутагдах мэдрэмж төрж байгаа бол энэ нь зүрхний эмч дээр очих шаардлагатайг анхааруулж буй тэмдэг юм. Зүрхний үйл ажиллагааны доголдлоос цусны урсгал саатах нь уушгинд хүчилтөрөгч орохыг багасгаж амьсгал давчдуулдаг.

5. Толгой эргэх

Тархи нь тогтмол, элбэг цусан хангамжтай байх хэрэгтэй. Хэрэв хэт бага цус тархинд очиж эхэлвэл толгой эргэдэг ба энэ нь зүрхний хэм алдалт болон зүрхний шигдээс ойртох үед илтгэдэг.

6. Хүйтэн хөлс

Хэрэв та дасгал хийгээгүй эсвэл сандраагүй байхдаа заримдаа бие дээр тань хүйтэн хөлс ялгарч байгааг гэнэт мэдэрч байгаа бол энэ шинж тэмдэгт анхаарлаа хандуулах хэрэгтэй. Энэ нь зүрхний шигдээс ойртож байгааг илтгэнэ.

7. Пульс олшрох

Судасны лугшилт олшрох шинж тэмдэг хааяа нэг илэрдэг бол айх зүйл байхгүй. Гэхдээ хэрэв таны судасны лугшилт жигд бус эсвэл олширсон бол ялангуяа амьсгаа давхцах, толгой эргэх, сульдах үед илэрдэг бол энэ нь тахикарди болон зүрхний хэм алдалттайг илтгэнэ. Зүрхний хэм алдагдах нь зүрхний шигдээс, зарим тохиолдолд гэнэтийн үхэлд хүргэдэг.

8. Цээжний өвдөлт

Цээжний өвдөлт гэнэт үүсээд хэсэг хугацааны дараа арилж болно. Тиймээс ихэнх хүмүүс ийм шинж тэмдгийг үл тоомсорлодог ба гарч болох эрсдэлийг ойлгодоггүй. Гэтэл энэ нь зүрхний шигдээс ойртож байгааг илтгэдэг. Харамсалтай нь хүмүүс зүрхний асуудал хүндэрсэн үед эмчид ханддаг бөгөөд энэ үед өвдөлтийн бүс гар, мөр, нуруу руу дамжсан байдаг.

9. Хавагнах

Хөл хавагнаж, жин нэмэх шинж тэмдгүүд нь янз бүрийн өвчний үед илэрнэ. Үүнд зүрхний өвчин багтаж болно. Хоолны дуршил алдагдах, биед илүүдэл шингэн хуримтлагдах нь зүрхний дутагдлын шинж тэмдгийг заана.

10. Ходоод гэдэс хямрах

Гэдэс өвдөх, гэдэс дүүрэх, хоол шингэхгүй байх зэрэг шинж тэмдгүүд ноцтой биш юм шиг санагддаг ч энэ нь зөвхөн ходоод гэдэсний замд асуудал байгааг илтгэдэггүй. Энэхүү шинж тэмдэг нь зүрхтэй холбоотой байж болно. Тиймээс энэ тохиолдолд ч бас хурдан эмчлүүлэх шаардлагатай.

11. Ханиалга

Зүрхний дутагдлын үед уушгинд илүүдэл шингэн хуримтлагдаж хэржигнүүр амьсгаа сонсогдож, байнга ханиалгаж, заримдаа цустай цэр гаргаж болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Comment moderation is enabled. Your comment may take some time to appear.