Байцаа дарах арга-1
Байцааг навчлах, хэсэглэн хуваах, жижиглэн хэрчих гэсэн гурван аргаар дарна. Дарахад зориулсан байцаа нь орой ургацын хамгаалалтын 4-5 навчтай, нягт хучигдсан, толигор гадаргатай байх ёстой. Байцааг модон торх, шилэн буюу паалантай саванд дардаг. Модон торх, саванд дарах бол эхэлж савныхаа хагсааг гаргаж дараа нь сайтар ариутгаад 5-8 хувийн содын уусмалаар зайлж эгштэл нь арчина. Ингэж бэлтгэснийхээ дараа савныхаа ёроолд байцааны навчийг 4-5 үе давхарлан дэвсэнэ.
Ингэж бэлтгэсэн байцаан дээрээ давс, лаврын навч, шар лууван зэрэг амт оруулагчийг хийж нягтруулаад энэ маягаар давтан (үелүүлж) хийх замаар саваа дүүргэж 4-5 давхар навчаар хучиж цэвэр марлиар бүтээгээд сайн таглаж дээрээс нь хүнд юмаар дарна. Савны тагийг мөн сайн ариутгах хэрэгтэй. Исгэх байцааг эхлээд тасалгааны температурт 10-12 хоног, дээд тал нь 21 хоног хүртэл байлгаж исэлт явагдаж гүйцсэний дараа хөлдөөж хадгална.
Ингэж бэлтгэсэн байцааг XII сараас дараа оны III сарыг хүртэл хэрэглэх бүрэн боломжтой. 10 кг байцаа дарахад цагаан давс 200-250 г, цэвэрлэсэн шар лууван 800 г, алим 150 г, лаврын навч 3г, хэдэн ширхэг үрлэн повоор орно.
Байцаа дарах арга-2 /Орос эзэгтэй нарын гарын жор/
Орц: /10 кг байцаа дарахад/
Давс 190 гр нуурын давс, шар лууван 300 гр, алим 250 гр, үрлэн хар перц 5 гр, лаврын навч 4-5 ширхэг, сонгино дунд зэргийн 2 ширхэг, хүрэн манжин – 2 бөөрөнхий
Бэлтгэх арга:
Байцаа дарах саваа угааж, хатааж бэлдэнэ. Заавал хүнсний зориулалттай сав байх ёстойг анхаараарай. Тухайлбал хуванцар сав, зэв бал гарахгүй паалантай хувин, модон торх байвал илүү тохиромжтой. Сайтар цэвэрлэгдсэн бөгөөд хуурай байх ёстой. Ингээд байцааны гадуурхи навчийг хуулж савныхаа ёроолд дэвсэж өгнө. Одоо байцаагаа дунд зэргийн хэмжээтэй хэрчинэ. Өөрийнхөө сонголтоор хэрчээрэй. Угааж цэвэрлэсэн лууван, хүрэн манжингаа савхалж хэрчинэ. Сонгиныг дундуур нь хувааж хагас цагираг хэлбэрээр хэрчинэ.
Алимаа мөн жижигэвтэр, өөрийн сонголтоор хэрчинэ. Алим бол C витаминаар баяжуулж өгдөг. Бүх ногоогоо хэрчиж дуусаад урьдчилж бэлтгэсэн том гялгар уутан дээр асгаж давс амтлагчаа хийгээд сайтар холино. Гартаа нэг удаагийн бээлий хийхээ битгий мартаарай. Одоо хольсон ногоогоо байцааны том далбагар навч дэвссэн дарах сав руугаа хийнэ. Ингээд гурилын гулуузаар жигд сайхан дарж цохино. Удаан цохисоны дараа байцааны шүүс ялгарч гарна. Ногоогоо далд орохуйц тийм шүүстэй болох ёстой.
Шүүсэнд нь далд ортол ногоогоо цохиж дараад дээр нь цагаан хөвөн цаасан материалаар бүтээж дээр нь хүндрүүлэгч тавина. Хүндрүүлэгчээр байгалын том хавтгай чулууг ашиглаж болно. Одоо савныхаа тагаар таглаад гэрийн темпратурт 3-4 хоног байлгана. Гурваас дөрөв хоногийн дараа цагаан бүтээлгээ хуулж дарсан байцаагаа үзэхэд дээр нь хөөсөрхөг, нялцгай өнгөр үүссэн байна. Энэ зүйлийг авч хаяад амсахад давслагдсан иссэн байцааны амт орсон бол даршлагдсан байна гэж үзнэ. Ингээд гадаа сэрүүн нөхцөлд гаргаж тавиад хавар болтол хэрэглэх боломжтой.
Байцааны шүүс хавдрын эсрэг үйлчилгээтэй
Исгэсэн байцааны шүүсэнд хавдрын эсрэг молекул шүүс исэх явцад бий болдог ажээ. Даршилсан байцаанд Lactobacilli plantarum(L.plantarum) хэмээх бидэнд ашигтай бактери үүсдэг. Энэхүү ашигтай бактери хавдрын бактерийг дарангуйлахын зэрэгцээ ходоод гэдэсний орчинг эрүүлжүүлэх үйлчилгээ үзүүлнэ. Ингэснээр таны бие махбодийн дархлааны системд маш сайн болж өгнө. Өөрөөр хэлбэл бүдүүн гэдсэнд амьдралыг тэтгэх сайн бактериас гадна хавдрын бактериуд бүгд бий. Ходоодны хананд байрласан бактерийн нэр төрөл, тоо бидний төсөөлж байгаагаас ч их. Нэг куб миллилитр бүдүүн гэдсэнд ойролцоогоор 1 триллион бактери байдаг аж.
Бидэнд ээлтэй, сайн бактери нь зөвхөн хоол боловсруулах эсвэл өвчний эд эстэй тэмцэж дарангуйлаад зогсохгүй бие махбодид нэн хэрэгтэй хүчил, амин дэмийг ялгаруулахад чухал үүрэг гүйцэтгэнэ. Ходоод гэдэс нь зүгээр ч нэг дархлааны системийн чухал төв хэсэг болоогүй шалтгааныг та мэдэж авлаа. Гэдэс ходоод шиг ийм олон тооны болон олон төрлийн микро биетэд өртөх өөр бусад эрхтэн байхгүй ажээ.