Нимбэгийн мод ургуулж гэрийнхээ энергийг сайхан болгоорой!

Айлд жимсээ унжуулсан нимбэгний мод хараад өөрийн эрхгүй дуу алдаж, хаанаас яаж авав гэх хүн цөөнгүй. Өөрсдөө ургуулаад авч болно. Үрээр суулгасан мод маш сайн, хүчтэй, тэсвэртэй мод болдог. Эхнээсээ л танай гэрийн хуурай халуун агаарт ургаж байгаа тул танайд хамгийн их дасан зохицсон, ямар ч өөрчлөлтийг даван туулах чадвартай мод ургадаг.

Ихэвчлэн Хятадаас оруулж ирсэн хүлэмжний мод гэртээ авчраад тэр бүр дасаж нутагшихгүй байсаар хатаад үхдэг. Үрээр ургуулсан мод нь огт шинэ төрлийн мод байдаг. Жимсний чанар эх модноосоо авсан шинжийг агуулахаас гадна танай гэрийн нөхцөл, таны ургуулсан арчилгаанаас их шалтгаалдаг.

Үр зөв шилж, зөв суулгах

Дэлгүүрээс сайн сортын том хэмжээтэй, эрүүл нимбэг сонгож авна. Магадгүй 2-3 сортоос цуг авч суулгах нь дээр байх. Жимсэнд байгаа бүх ясыг нь гаргаад хамгийн том, чадалтай хэдийг шилж үлдээнэ. Гэртээ идсэн нимбэгний ясыг суулгах санаа гэнэт төрсөн бол уг үрийг олон хонуулж хатааж болохгүй.

Суулгасан үр нь 30-40 хонож байж соёолох тул тэвчээртэй хүлээгээрэй. Хөрсөнд суулгахын өмнө био уусмалд дүрж өгвөл үндэслэх нь хурдан, үндэс нь хүчтэй, саглагар гардаг ба ургамал маань ч чадалтай эрүүл ургадаг. Био идэвхижүүлэгч болох гуматын бордооны шингэн уусмалд (уусмал нь шар айрагнаас бараан өнгөтэй байж болохгүй) 5-6 цаг байлгаад, дараа нь 8-12 цаг усанд дэвтээж өгнө.

Дэвтээх усанд (1 стакан усанд-1 дусал) “Эпин” эсвэл “Циркон” (Экстра дэлгүүрт байдаг байх) гэдэг идэвхижүүлэгч олдвол дусаагаарай. Энэ нь соёолжих, ургах явцыг түргэлчлэхээс гадна гол ач холбогдол нь – хуурай агаар, гэрэл дутмаг орчинд тэсвэртэй, анхнаасаа эсэргүүцэл сайтаа ургамал гаргадаг юм.

Үрсэлгээний сав нь доороо заавал ус гарах нүхтэй, мөн 2-3 см өндөр дренажтай байх шаардлагатай. Нэг суулгахдаа 15-20 үр суулгасан нь дээр.

Соёолсон үрсэлгээнээс дараа нь сайн ургасаныг нь шилж үлдээнэ. Хөрс тэжээллэг, сийрэг байх ёстой. Үрийг 1-2 см гүн булна.  Ургасан 2-3 төрлийн сортын 15-20 үрсэлгээнээс дараах зүйлийг анхаарч шилж авна:

  • Цөөн тооны богинохон зүүтэй, эсвэл огт зүүгүй байвал. Мөн нарийхан иштэй байх.
  • Навчны тоо бага, эсвэл сунасан урт иш нь xэдхэн навчтай бол энэ үрсэлгээнүүдийг шууд хаяж болно.
  • Үрсэлгээний ишний навч хоорондын зай бага байх юм бол энэ сортын мод бутлаг, намхан саглагар ургана гэсэн үг.  Ийм сортыг саглагар болгох гэж мөчрүүдийг тайрч танах хэрэггүй. Цаашаа өөрөө л шинэ мөчир хэдэн тийш гаргаад байна.

Сонирхуулахад, нимбэгний үрийг ямар нэгэн савтай цэцэгний хөрсрүү булчихвал илүү хурдан (7 хоногийн өмнө) соёолдог байна. Хэрэв тэр савтай цэцэг нь нимбэг юм уу, өөр нэгэн цитрусын төрлийнх бол бүүр ч сайн. Учир нь савтай том цэцэг нь ихэнхи усыг хэрэглэдэг тул илүүдэл чийг хөрсөнд үлдэхгүй соёолох таатай орчин бүрддэг байна.

3-5 сарын дараа ургасан үрсэлгээ нь овоо томроод ирэхлээр болгоомжтой авч үндсэнд наалдсан хөрсийг гөвөлгүйгээр том хэмжээний саванд өрх тусгаарлан суулгана.

Био ялзмаг хөрсөнд хольж өгвөл хурдан ургахад нөлөөлнө.

Дренаж савны ёроолд хийнэ, хөвсгөр агаар ус сайн нэвтрүүлдэг хөрс хэрэглэнэ.

Цитрусын төрөл бүр өөр өөрийн онцлоготой. Мандарин нь тод өнгийн гоё жимстэй, жүржийн модны бараан ногоон өнгийн навчин бүрхүүл хамгийн үзэмжтэй нь, грейпфрутын жимс болон мод нь маш том хэмжээтэй тул тасалгаанд сайн таарахгүй гм. Бүх цитрусын төрлөөс нимбэгний мод хамгийн өгөөжтэй нь, бүтэн жил цэцэглэж, жимсэлдэг тул ургуулахад урамтай бөгөөд тасалгаанд ургуулсан нимбэгний жимс нь дэлгүүрийн жимснээс хамаагүй том хэмжээтэй, илүү амттай, анхилуун үнэртэй билээ. Модон дээр нэг цэцэг, жимс, навч зэрэг харж болдог онцлогтой. Жирийн нөхцөлд үр суулгаснаас хойш 8-12 жилийн дараа цэцэглэж эхэлдэг, харин жимсэлдэг модноос залгалт хийвэл 2-3 жилийн дараа жимсээ хурааж авч болно.

Гэртээ  нимбэгийн мод ургуулж сайхан энерги бий болгоорой!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *