Эрхэмсэг бүсгүйчүүд минь, хүзүү, цээжинд үүссэн үрчлээг бүдэгрүүлдэг эдгээр гайхалтай маскуудыг тавиад үзээрэй, залуухан толигор арьс мэдрэгдэх болно!
Хүзүү болон цээж үрчлээтэж эхлэх нь эмэгтэйчүүдийн хувьд жинхэнэ гамшиг юм. Эцэст нь ийм үрчлээнээсээ болж үзэсгэлэнт бүсгүйчүүд маань өөрийн дуртай задгай энгэртэй даашинз, цамцаа ч өмсөж чадахгүйд хүрч битүү захтай цамцны цаана хүзүүгээ нуух хэрэгтэй болдог.
ЦЭЭЖНИЙ ҮРЧЛЭЭГ ХЭРХЭН АРИЛГАХ ВЭ?
Мэдээж, үрчлээг бүрэн арилгах бараг боломжгүй хэдий ч, үүнийг багасгаж, бүдэгрүүлдэг байгалийн гаралтай эмчилгээнүүдийг бол хийж болно. Уг эмчилгээнүүдээр арьсыг чийгшүүлэн коллагены үйлдвэрлэлийг идэвхжүүлэх замаар үрчлээг толийлгож болдог байна. Өнөөдөр бид та бүхэнтэй арьсны уян хатан байдлыг сэргээх, нөхөн төлжүүлэх үр дүнтэй маск бэлтгэх жоруудыг танилцуулах болно. Дашрамд хэлэхэд эдгээр жор нь үр дүн өндөртэйгөөс гадна эдийн засгийн хувьд маш их хэмнэлттэй гэдгийг ч дуулгая.
ШАР АЙРАГНЫ ХӨРӨНГӨТЭЙ МАСК
ОРЦ:
- 100 гр натурал тараг
- 1 х/х шар айрагны хуурай хөрөнгө
- 1 х/х улаан буудайн соёолуулсан үрнээс гаргаж авсан тос
Бүх орцуудыг жигд зуурмаг болтол нь хутгана. Маскийг хүзүү, цээжин хэсэгтээ түрхэж, үйлчлэл үзүүлтэл нь 15 минутын турш байлгана. Маскийг хүйтэн усаар зайлж угаана. Уг процедурыг долоо хоногт 3 удаа хийх ёстой.
АРИУН ЗААРТ ЦЭЦГИЙН ЭФИРИЙН ТОСТОЙ ГАДИЛ ЖИМСНИЙ МАСК
ОРЦ:
- 1 ширхэг гүйцэд боловсорсон гадил жимс
- 1 х/х ариун заарт цэцгийн эфирийн тос
Эхлээд гадил жимсээ нухашлаад дараа нь үүн дээрээ эфирийн тосоо нэмж сайтар хутгана. Маскийг хүзүү, цээжин хэсэгтээ түрхэнэ. Маскаа 20 минут байлгаад хүйтэн усаар зайлж угаана. Уг маскийг долоо хоногт 3 удаа тавьж байх хэрэгтэй.
ЗӨГИЙН БАЛ АВОКАДОТАЙ МАСК
ОРЦ:
- 100 гр нухсан авокадо
- 1 х/х зөгийн бал
Нухсан авокадо дээрээ зөгийн балаа нэмнэ. Энэ хоёр орцоо нэгэн жигд зуурмаг болтол нь сайтар хутгаж өгнө. Маскийг хүзүү, цээжиндээ түрхээд доороос нь дээш чиглэлтэй массажилж өгнө. Хэсэг массаж хийснийхээ дараа 15 минут байлгаж байгаад хүйтэн усаар зайлж угаана.
Орчуулсан: Х.Гэгээн
Эх сурвалж: Так Просто