Манай оронд ийм олон төрлийн байгалийн “эмч” нар байхад химийн найрлагаар бие болон гоо сайхнаа хордуулахад хайран биш гэж үү?
Игүүшин
Монгол нэр: Илдэн игүүшин (зэвэрхүү игүүшин)
Латин нэр: Cacalia hastate
Үндсэн шинж: Игүүшин нь 60-150 см өндөр урт голлосон үндэстэй, доод навчнууд нь өргөн зэв маягийн дээдэх навч ромбо хэлбэрийн ургана. Навч, үндсийг уламжлалт анагаах ухаанд эмийн түүхий эд болгон ашиглана.
Каротин, аскорбины хүчлээр маш баялаг, флаваноид, инулиныг агуулсан байдаг.
Ургах орчин: Ойн зах, гол горхины эрэг хөндий, чийглэг ойн чөлөөнд ургадаг.
Хэрэглээ: Эмийн ургамлын ном сударт цөс хөөх, халуун бууруулах, ходоодны шарх зэрэгт ууж хэрэглэнэ гэж тэмдэглэсэн байдаг. Үгжирч идээлсэн яр шарх болон хатигыг анагаахдаа сайн.
Тайжийн жинс
Монгол нэр: Өргөн навчит Тайжийн жинс
Латин нэр: Echinops latifolius Tausch
Орон нутгийн нэр: Хонгорзул, морины уруул, адууны уруул, лам тархи, зараа уул, ул өвс гэж нэрлэдэг. Хүмүүс ихэвчлэн адуун уруул гэнэ. Үндэслэг иштэй олон наст өвс юм.
Үндсэн шинж: Толгойрхуу хэлбэрийн 4-6 см голчтой хөх цэнхэр өнгөтэй баг цэцэг үүсгэнэ. Иш нь 30-75 см өндөр, эгц босоо, ширэлдсэн үсэрсэг. Навч энгийн, 20 см хүртэл урт, 10 см хүртэл өргөнтэй. Сагст бөмбөлөг голдочоороо 4-6 см бөгөөд ганц цэцэгт сагс нь 2 см орчим урт иржгэр хатуу хялгасанцараар хучигдмал. Үрцэг жимс нь 5-7 мм.
Цэцэглэж үрлэх хугацаа: 7, 8 сар
Ургах орчин, нөхцөл: Ойт хээрийн бүслүүр, хээрийн бүсэд уулын чулуурхаг, хайргархаг хажуу, бэл хормой хадархаг газар ургана.
Тархац: Их
Эмийн түүхий эд: Үндэс
Химийн найрлага: Үндсэнд нь алкалоид (echinopsine) агуулагдана.
Хэрэглээ: Уушигны үрэвсэл, цус алдалт, хөхний хавдар, арьсны өвчин, хоол боловсруулах замын өвчний үед өргөн хэрэглэдэг. Орчин үед анагаах ухаанд эхинопсин (Echinopsine) алкалоидыг булчингийн ба захын мэдрэлийн саажилт, гуурсан хоолойн багтраа өвчин, зүрхний шигдээс, даралт ихсэх үед хэрэглэхийг хатуу хориглодог.
Жамъянмядаг
Монгол нэр: Азийн Жамъянмядаг (Нутгийн хүмүүс шар удвал гэдэг)
Латин нэр: Trollius asiaticus
Үндэслэг иштэй олон наст ургамал.
Үндсэн шинж: Иш нь 20-70 см өндөр. Үндэс орчмын навчис урт бариултай, илтэс нь таван өнцөгт маягтай. Хурц улбар шар цэцэг нь голчоороо 3-4 см орчим ганц хоёроороо гарсан урт шилбэн дээр оршино.
Цэцэглэж үрлэх хугацаа. 6-7, 7-8 сар
Ургах орчин нөхцөл: Уулын хээр, ойт хээрийн бүслүүрт шинэсэн ой, хусан ой, тэдгээрийн зах, татмын ой, сөөгөн ширэнгэ, өндөр уулын нугад ургана.
Тархац: Маш их
Эмийн түүхий эд: Цэцэг
Химийн найрлага: Цэцэг нь алкалоид, флаваноид, кумарин, эфирийн тос, органик хүчил, нүүрс ус, танин, давирхай, олон төрлийн терпеноид агуулна.
Хэрэглээ: Уламжлалт анагаах ухаанд цус хямарсан, цээжээр хатгах зэрэг аливаа хатгааг эмчлэхэд тустай.
Шимтэглэй
Монгол нэр: Нугын шимтэглэй (Нутгийн хүмүүс мягмансанжаа гэдэг.)
Латин нэр: Geranium pratense
Нугын шимтэглэй олон наст өвслөг ургамал.
Үндсэн шинж: Дээсэрхүү сахлаг үндэстэй, хүрэн хальсаар хучигдмал том үндэслэг иштэй. Иш 30-80 см өндөр, урт богино налчгар юмуу сэрэвгэр, эсвэл уруугаа ташсан үсэнцэртэй. Цэцгийн шилбэ урт биш, хос цэцэгтэй, шүүсэвчит үсэрхэг, тэд бүгд нийлээд оройн бамбайрхуу багцаг үүсгэнэ. Дэлбэ нь 15-20 мм урт, хөхөвтөр нил ягаан, дугаригдуу оройтой.
Цэцэглэж үрлэх хугацаа: 7, 7-8 сар
Ургах орчин нөхцөл: Ойт хээрийн бүслүүрт шинэсэн ой, хусан төгөл, ойн нуга ба зах, сөөгөн ширэнгэнд ургана.
Тархац: Их
Эмийн түүхий эд: Газрын дээд хэсэг, цэцэг
Химийн найрлага: Полифенолт нэгдэл 21%, үндэс нь 19-34% навч нь 12-20% танин агуулна.
Хэрэглээ: Уламжлалт анагаах ухаанд нүдний өвчин, нүдний харааг сайжруулах, хорхойн өвчин, хөлрөх, уушигны хатгаа, хавиргаар хатгах, шээс алдах, шар ус буусан, хавдсанд тустай.
Шархны шар
Монгол нэр: Гүргэм шар намуу (нутгийн хүмүүс шархны шар, хурган засаа, намуу гэдэг) Үндэслэг иштэй, сийрэг бутаар ургадаг олон наст ургамал.
Латин нэр: Papaver croceum
Үндсэн шинж: Иш 15-40 см өндөр улбар юм уу бараан хүрэн, сэрэвгэр юм уу налчгар үсэрхэг. Бүх навчис урт бариултай, илтэс нь 2-5 см. Цэцгийн цоморлиг 10 мм урт, сааралдуу хатуу үсэрхэг.
Тархац: Маш бага
Ургах орчин нөхцөл: Уулын хээрийн бүслүүрт хайргархаг ба чулуурхаг хээржүү хажуу, голын хайрга дээр ургана.
Эмийн түүхий эд: Газрын дээрх хэсэг
Хэрэглээ: Уламжлалт анагаах ухаанд шарх, шар усыг хөөх, хоосон халууныг арилгах, толгой хагарсан, судал, шөрмөс гэмтэхэд нэн сайн.
Шар лидэр
Монгол нэр: Шаргалдуу лидэр (Шар, шаравтар,шаргал лидэр) Энэ ургамал үндсэндээ алкалоид, навчиндаа гликозид, С витамин, цэцгэндээ эфирийн тос агуулсан байдаг.
Латин нэр: Sophora flavescens
Онцлог: Гонзгойвтор өндөгөрхүү юмуу, зууван илтсээс тогтсон өдлөг навчтай, 50-70 см өндөр иш, мөчрийнхөө оройд цайвар шаргал өнгийн баг цэцэгтэй олон наст өвслөг ургамал.
Ургах орчин нөхцөл: Толгодын хажуу, хусан төгөл, нуур, голын эрэг дагаж ургана.
Хэрэглээ: Халуунтай ханиад болон амьсгалын замын өвчнийг анагаах тангийн гол түүхий эд болдог. Мөн энэ ургамлын үндсийг дотрын зарим өвчин болон халуун намдаах, тайвшруулахад өргөн хэрэглэдэг.
Вансэмбэрүү цэцэг
Монгол нэр: Нөмрөгт банздоо (Орон нутгийн нэр:Вансэмбэрүү, халтаргана)
Латин нэр: Saussurea Involucrata
Үндсэн шинж: Модожсон том гол үндэстэй олон нас ургамал. Иш бүдүүн хөндий, навч олон, шигүү байрлалтай, гонзгой юмуу гонзгойвтор, ирмэгээрээ шүдэрхэг, эрт хагдрамтгай.
Онцлог нь бүдүүн иштэй, захаараа олон хурц шүдлэгтэй, том цагаан дэлбээтэй цомирлогийн голдоо балчир хүүхдийн зулай адил зөөлөн бүлээн хүрэн толгойтой байдаг байна. Манай улсын Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулсаар маш ховор тархан ургадаг. Энэ ургамалд эм, эр бэлэг хамтдаа байрладаг. Хэзээ ч нэгээрээ ургадаггүй, дандаа хосоороо ургадаг учраас ариун хайрын бэлгэдэл ч гэж нэрлэдэг.
Хоорондоо үүд хойморын зайтай ургадаг. Үүний нууц нь одоог болтол тайлагдаагүй байна. Вансэмбэрүү цэцгийг Монголчууд уулын орой дээр ургадаг учраас тэнгэрийн задын цэцэг хэмээн сүслэн шүтэх нь бий. Эрж хайсан хүн бүрт үзэгддэггүй, үзэгдэх хүндээ л үзэгддэг гэх яриа ч байдаг. Аз жаргал авчирдаг гэгддэг вансэмбэрүү цэцэг нь хүмүүс бидний буруутай үйл ажиллагаанаас болоод ихээхэн ховордсон байна.
Ургах орчин: Өндөр уулын бүслүүрт таг, цармын асга, нураг, байц, хайргархаг хажуу, чийглэг нугад ургана.
Хэрэглээ: Хүний биед ихээхэн сайн төдийгүй хорт хавдар, уушгины өвчин, ханиад томууны эм бэлтгэхэд хэрэглэн түүсээр байгаад ховордож Монголын Улаан номд орсон байна.
Ягаан цээнэ
Монгол нэр: Ягаан цээнэ (Согоон сав)
Латин нэр: Paeonia anomala
60-80см өндөр иштэй, гуравласан цуулбар навч, том ягаан цэцэгтэй олон наст өвслөг ургамал. Монгол орны Хангай, Хэнтийн уулархаг нутгийн шинэс, хусан холимог ойн зах, цоорхойгоор ургадаг.
Хэрэглэх эрхтэн: Үндэс, иш, навч
Хэрэглээ: Уушигны халуун болон, ясны бороололт хурдасгах, оюуны болон биеийн хүчний ажиллах чадвар, орчиндоо дасан цохицох чадвар дээшлүүлэх, хордлого тайлах, насны доройтол, сульдаа, цусны даралт буурах, яс бэртэх, үрэвсэл намдаахад хэрэглэнэ.
Ягаан цээнийг умайн улайлт, саажилт, унадаг өвчин, гар хөл чичрэх, нойргүйдэл, тархинд цус харвах, шээс задгайрах, түрүү булчирхай, уушигны үрэвсэл, ходоодны шархлаа, цус өтгөрөлт, ой тогтоолт, бамбай булчирхайд мөн цагаан юм, шамбарам /угааж шавшина/, бөөр, сав, өндгөвч, усан хаван, биеийн юм саатах, ууц нуруугаар өвдөхөд хэрэглэнэ.
Жавхаалаг башир буюу юмдүүжин
Монгол нэр: Жавхаалаг башир, (нутгийн хүмүүс юмдүүжин гэж нэрлэдэг)
Латин нэр: Dianthus superbuus
Алаг башир, Жавхаалаг башир нь эмийн гоц ач холбогдолтой ургамал юм. Флавоноид, сапонин, алкалоид, С аминдэм, кумарин агуулсан байдаг. Эмэгтэйчүүдийн өвчинд тустай. Нярайлсны дараа эхэс шавхарга гадагшлуулах, эндсэн хүүхдийг гаргах, шээс хаагдах, шээсний сүвийн халуун үрэвсэл, өндгөвчний цэврүү, цустай шээх, шээсний сүвэнд чулуу үүсэх, хаван, биений юм хаагдах, хорт хавдар, нүдэнд цагаа унах, шулуун гэдэсний хорт хавдар зэрэг өвчнийг засахад сайн. Аргаль, янгир зэрэг шархадсан ан амьтад Башир цэцгийг ихээр идэж хооллон цусаа тогтоодог болохыг анчид ажиглаж мэджээ.
Алаг башир
Монгол нэр: Алаг башир
Латин нэр: Dianthus versicolor
Tаних шинж: 20-50 см өндөр олон наст өвслөг ургамал. Иш хэд хэдээрээ буюу олноороо нэг дороосоо гарсан. Yндэс бvдvvн, олон толгойтой. Навчис шугаман-юлдэрхvv, хавтгай. Цэцгийн дээд тал улаан буюу улаавтар ягаан, доод гадаргуу нь ногоовтор, дэлбээ нь бvтэн, зөвхөн захаараа шvдлэг. Салааны ишний оройд нижээд цэцэгтэй. Цэцгийн гадна талын хайрс шөвөг адил шовх vзvvртэй. Хүмүүс юмдүүжин цэцэгтэй их андуурдаг бөгөөд нэг овгийн өөр зүйлийн ургамалууд юм.
Ач холбогдол: Цус алдалтын үед цус тогтоох ач холбогдолтой. Эмийн гоц ашигт ургамал бөгөөд газар дээрхи хэсэгт флаванойд, сапонин, алкалоид, С витамин, мөн цэцгэнд флаваноид, кумарин, сапонин, алкалоид байна.
Сөд өвс
Монгол нэр: Эмийн сөд (хүрэн толгой) Том үндэслэг иштэй, олон наст өвслөг ургамал.
Латин нэр: Sanguisorba officinalis
Үндсэн шинж: Иш нь 20-110 см өндөр, нүцгэн эсвэл уг орчимдоо үерхэг шаргал үстэй. Навч нь том, өдлөг нийлмэл, угтаа шүдэрхэг дагавартай. Навчинцар нь 4-6 хос, 2-6 см урт, 1-3 см өргөн, гонзгой-өндгөрхүү эсвэл зууван хэлбэртэй. Цэцэг нь хүрэн ягаан, иш салааны үзүүрт 1-3 см урт, 0.8-1.5 см өргөн, товчин юмуу бортгорхуу богино толгой багцаг үүсгэнэ.
Ургах орчин нөхцөл: Уулын хээр, ойт хээрийн бүслүүрт алаг өвст татмын ой ба нуга, намгархаг нуга, нугархаг хээр, алаг өвст тэгш тал, гол горхи, булгийн эрэг, эргийн сөөгөн ширэнгэ, шинэсэн ой, тэдгээрийн зах, ойн нуга, хусан төгөлд ургана.
Тархац: Маш их
Эмийн түүхий эд: Багцаг, үр, үндэс
Химийн найрлага: Үндсэндээ танин бараг 17%, сапонин 2.5-4 %, sanguisorbin зэргийг агуулна.
Хэрэглээ: Уламжлалт анагаах ухаанд гэдэс базлах, цусны халууныг арилгах, цус тогтоох, уушигны сүрьеэгээр цус гарах, халуун цусан суулга, шамбарам, ходоод гэдэсний архаг үрэвсэл, тууралт, түлэнхийн шарх зэрэгт тустай.
Тошлой
Монгол нэр: Өргөст тошлой
Латин нэр: Grossularia acicularis
Үндсэн шинж: Тошлой нь мөчиртөө өргөстэй, 0.8-1 0 м өндөр сахлаг бутанд бүрэн боловсорсон үедээ тод судалтай ногоон, хүрэн өнгөтэй гонзгойвтор хэлбэрийн жимсгэнэ ургадаг. Жимс нь томдуу, 2.3-4.0 грамм. Маш амтлаг, шүүслэг жимстэй. Улаан хүрэн өнгөтэй
Ургах орчин: Баян-Өлгий, Ховд, Баянхонгор, Булган, Өвөрхангайн зарим нутаг, Увс, Завхан, Хөвсгөл, Архангай аймгийн хадархуу газар ургана.
Монгол оронд нэг зүйл ургадаг. 6 дугаар сард цэцэглэж исгэлэн улаан жимс нь 8-9-р сард боловсордог. Хүйтэнд сайн тэсвэртэй. Хорхой шавьжнаас өөрийгөө хамгаалах чадвар сайтай. Жимсний найрлаганд 5-15% чихэрлэг бодис, органик хүчил, А, С ялангуяа P амин дэмээр баялаг төдийгүй бусад амин дэмийг агуулахын зэрэгцээ фосфор, кали, кальци зэргийг үлэмж агуулна.
Хэрэглээ: Р амин дэмээр баялаг учир түүнийг эмчилгээний зориулалтаар өргөн хэрэглэдэг, ялангуяа судас хатуурахаас сэргийлнэ. Хоолны шингэцийг сайжруулах, цусны даралт ихдэх, цус багадах, цус харвах, арьсны ба шархлаа өвчний үед жимс, чанамлыг идэж ууж хэрэглэнэ. Жимснээс бусад хэсгүүдэд берберин гэдэг алкалоид бий. Энэ нь цөс хөөх, хоолны шингэлтийг сайжруулах, цусны даралт ихдэхэд жимсийг нь арьс шарлахад чанамлыг ууж хэрэглэнэ. Ардын эмнэлэгт тошлойны хандыг цус төлжүүлэх, ходоодны өвчин намдаах, сүрьеэ өвчний эсрэг, ходоод гэдэсний үйл ажиллагааг сайжруулахад хэрэглэдэг байсан.
Үндэсний бахархалт бэр цэцэг
Монгол нэр: Бэр цэцэг, Баавар цэцэг
Латин нэр: Scabiosa ochroleusa L.
Эмээлийн баавартай төстэй учраас баавар цэцэг гэж нэрлэжээ.
Бэр цэцгийн домог нь оросын ард түмнээс гаралтай бөгөөд дайнд явсан эр нөхрөө хүлээсэн бүсгүй хүний нулимсанд ургасан цэцэг гэнэ. Оросоор уг цэцгийг “Вдовушка” хэмээдэг ба монголчилбол “Бэлэвсний цэцэг” хэмээх утгыг илэрхийлдэг аж. Мөн “Бэр” цэцэг гэгдэх “Баавар” цэцгийн латин нэр нь “Scabiosa” буюу “Скабиоза” юм. Арьсны маажуур, загатнаа өвчнийг ийн нэрлэдэг ажээ.