Мөнгийг хар хүч, сөрөг үйлчлэлээс хамгаалдаг гэж үздэг бөгөөд эрт дээр үеэс, хамгаалалтын сахиус болгон хэрэглэдэг байжээ. Мөнгийг, мөн сэтгэл санааны ариун байдлын билэгдэл гэдэг. Тиймээс, хүмүүс гоёл чимэглэлийн хэрэгсэл болгон өргөнөөр ашигладаг. Мөн мөнгөн аяга хэрэглэхийг эмчилгээний ач тустай гэж үзсээр иржээ. Мөнгийг ертөнц хоорондын дамжуулагч гэж үзэх нь ч бий бөгөөд цацарсан туяа бүхий од маягийн чимэглэлийг хамгийн сайн хамгаалалт гэж үздэг байна. Мөнгөнд үнэт эрдэнийн чулууг суулгахад чулууны эерэг үйлчлэлийн хүч нэмэгддэг гэдэг.
Мөн дээр нь тусах гэрлийг 97% ойлгодог чанартай, амальгама хэмээх бодистой нэгдэн ид шидтэй болдог гэж үздэгээс мөнгөн толийг зан үйлд ашиглах толь болгон хэрэглэж өнгөрсөн ирээдүйг хэлэх хэрэгслийн хэмжээнд ашигласаар байдаг. Мөнгөн эдлэл хэрэглэх нь хүний энергийг цэвэрлэж, гаднаас ирэх сөрөг энергийг шингээн, мөн оюуны хөгжлийг тэтгэдэг гэж үздэг. Мөнгийг, мөн хүний эрүүл мэндийг шалгах тест маягаар авч үзэж болдог гэнэ. Өвчин, өвчлөлийн үед муу энергийг шингээн авч харладаг гэж үздэг бөгөөд хэрэв хурдан хугацаанд харлаад байвал биед өвчлөлт явагдаж буйн илрэл тул эмч эмнэлэгт хандах хэрэгтэйг дохиолж байна гэж гэж хүлээн авах хэрэгтэй аж. Мөн хараал жатгад өртөхөд харладаг гэж үзэх нь ч бий.
Орчин үед хүн болгон үнэт эдлэл хэрэглэдэг болжээ. Үнэт эдлэлүүд гоё сайхны билэгдэл болохоос гадна нь эрүүл мэндэд ашигтай зүйлүүд байдгийг судалгаагаар харуулсан. Үнэт эдлэлийг бүтээсэн бодис хүний бие махбодь, эрхтний дотоод ажиллагаанд нөхөн төлжүүлэх увидас агуулагдаж байдаг. Биеийн тэжээлийг зөвхөн хоол хүнсээр авдаг төдийгүй арьс, мэдрмжээрээ дамжуулан авах тал бий. Алтан эдлэлийг үргэлж хэрэглэвэл урт насалж, хүний цог жавхаа нь сэргэдэг.
Алт мөнгөөр гоёх нь эмэгтэй хүний нэгэн шуналыг дарж сэтгэлийг тайвшруулан амьдралын идэвх олгож, эрүүл мэндэд эерэгээр нөлөөлдөг. Алт сэрүүн чанартай болохоор аливаа халуун хижиг өвчнөөс сэргийлэн, эмчлэх чадалтай.
Манай өвөг дээдэс эрт үеэс байнга эр, эм, хүүхэд гэлтгүй цалин цагаан мөнгийг эрхэмлэн зүүлгэж ирсэн. Энэ нь нэг талаараа гоёл боловч нөгөөтэйгүүр мөнгө нь хүний биенд хүрсэн хэсгээрээ хүний биенээс элдэв төрлийн хорыг ялган арилгах чадалтай, өвчин эмгэгт нэрвэгдэхээс хамгаалах ач тустай байжээ.
Мөн эртний өвөг дээдсүүд маань хоол, цай идэж уухдаа мөнгөн аяга, мөнгөн халбага, мөнгөн хутга зэргийг маш өргөнөөр хэрэглэдэг байсан нь мөнгөн эдлэл хэрэглэдэг байсантай ямар нэгэн хэмжээгээр холбоотой байсан болов уу. Мөнгөн аяганд цай, хоол идэхэд аяга, халбага нь харлавал бие муудсаны шинж.
Мөнгөн гоёл зүүлт зүүвэл биенд шар ус хурж, хуянд баригдахгүй, биеийн цусны эргэлтийг сайжруулж аливаа ялгадсыг цэвэрлэн арилгах чадалтай болохоор удаан хэрэглэвэл элдэв зүйлийн яр шарх гарсан ч хурдан эдгэрдэг. Мөн эртний оточ маарамбууд цэвэр мөнгөөр хийсэн зүүгээр зүү тавьж биеийн хорыг хөөж эмчилдэг байсан.
Жинхэнэ сувд эрдэнэ бол монгол эмийн найрлагад ордог. Эртний хүмүүс сувдыг нунтаглан саа өвчний танд холин хэрэглэдэг байжээ. Одоо хүртэл сампилноров /сувдат үрэл/-оор саа, хуян шар усны сайн эм бэлдэн ардын уламжлалт эмнэлэгт өргөнөөр хэрэглэсээр байна.
Сувдыг хэлхэн чих, хүзүүндээ зүүснээр үе мөчний өвчин, толгой тархи өвдөх, хуян хөөрөхөд их тустай гэж үздэг. Мөн цэвэр сувдаар гурвалжин алчуур нэхэж хуянтай хүн, зангиа нэхэж бамбай өвчинтэй хүнд зүүж хэрэглүүлдэг уламжлалууд байдаг.
Үүнээс гадна оюу, шүр, болор, мана, гууль, зэс, төмөр, мод зэрэг зүйлсийг гоёлын журмаар мөн эрүүл мэндэд нөлөөлөх талаас нь хэрэглэдэг талууд бий.
Эх сурвалж: Бямбын Намтай, “Эрүүл амьдарч урт наслахын гайхамшиг”