8 төрлийн амтат хачиртай талх
Маш олон хүн өглөөний цайндаа хачиртай талх идэх дуртай байдаг. Хачиртай талх бол хийхэд маш амархан, цаг бага зарцуулагддаг амтат зууш юм!
“Сэндвич” гэдэг үгийг герман хэлнээс орчуулбал “талх ба цөцгий” гэсэн утгатай. Ер нь бол та энэхүү хачиртай талхыг ямар ч байдлаар хийж болно, гэхдээ жороо өндөг, хүнсний ногоо, жимс жимсгэнэ зэргээр баяжуулан хачирлавал зохимжтой. Хачиртай талх хийх олон арга бий, гол нь өөрийнхөө төсөөллөөр дуртай хачираараа баяжуулан хийж болдог!
Хэрэв та ердийн хачиртай талхнаас залхсан бол бид танд таалагдах 8 төрлийн энгийн хэрнээ амттай жорыг санал болгож байна!
АМТАТ ХАЧИРТАЙ ТАЛХ ХИЙХ ЖОР
Чидун жимс, бяслаг, сонгино, базиликтай хачиртай талх
ОРЦ:
- 5 л-ийн лаазалсан хар чидун жимс
- 100 гр бяслаг
- 20 гр ногоон сонгино
- 20 гр базилик
- Хөх тарианы талх
- Давс амталгаагаар
БЭЛТГЭХ:
- Хар чидун жимсээ блендэрт хийж нунтаглана.
- Ногоон сонгино, базиликаа жижиглэж хэрчинэ.
- Энэ бүхнийгээ бяслагтайгаа холино.
- Хөх тарианы талхан дээрээ бэлдсэн бэлдэцээ түрхээд давс цацаж өгнө. Амт нь үнэхээр гайхалтай!
Сонгино, сардин загастай хачиртай талх
ОРЦ:
- 1 лааз тосонд дарсан сардин загас
- 2 ширхэг дунд зэргийн сонгино
- 2 ширхэг лууван
- Цагаан талх
БЭЛТГЭХ:
- Луувангаа чанаад нилээд сайн нухана.
- Сонгиноо хэрчээд алтан шаргал өнгөтэй болтол нь шарна.
- Сардинаа сэрээгээр нухаад сонгино, луувангаа сайтар хольж өгнө.
- Цагаан талхан дээрээ тавиад базиликын навчаар амтлаад амтархан идээрэй
Өндөг, мөөг, цоохор майлзтай хачиртай талх
ОРЦ:
- Давсалсан мөөг
- 1 ширхэг цоохор майлзны иш
- 2 ширхэг чанасан өндөг
- Майонез
- Хар талх
БЭЛТГЭХ:
- Мөөг, цоохор майлзаа блендэрээр нунтаглана.
- Өндөгөө үрээд мөөгтэйгөө холино.
- Эдгээрийгээ майонезтайгаа холино.
- Энэ хольц нь хар талхан дээр хамгийн зохимжтой.
- Дээр нь шарсан мөөг, ногоо тавьж өгвөл хачиртай талхны амт, үзэмж өвөрмөц байх болно.
Хатуу бяслаг, гичтэй хачиртай талх
ОРЦ:
- 200 гр бяслаг
- 1 х/х гич
- 100 гр цөцгий
- Улаан перец
- Бүхэл үрийн талх
БЭЛТГЭХ:
- Бяслагаа жижиглэж үрнэ.
- Үрсэн бяслагаа гичтэйгээ холиод чимх улаан перецээрээ амталж өгнө.
- Эдгээрийгээ цөцгийтэйгөө холино.
- Бүхэл үрийн талхтай төгс зохицоно. Самар, шинэхэн ногоонуудаар чимэглэж болно.
Сагамхай загас, өндөгтэй хачиртай талх
ОРЦ:
- 1 лааз сагамхай загас
- 2 ширхэг чанасан өндөг
- 1 ш ногоон сонгино
- 1 х/х нимбэгний шүүс
- 1 х/х майонез
- Давс амталгаагаар
- Перец амталгаагаар
БЭЛТГЭХ:
- Сагамхай загасаа сэрээгээр нухаж өгнө.
- Чанасан өндгөө үрээд загастайгаа холино.
- Сонгиноо хэрчээд нэмнэ.
- Нимбэгний шүүс, майонезтайгаа эдгээрийгээ хольж өгнө.
- Давс, перецээрээ амтална.
- Талхан дээрээ тавиад амтархан идээрэй.
- Хачиртай талхаа шинэхэн ногоо, навчнуудаар чимэглээд таваглаж болно.
Май загас, крийм чийзтэй хачиртай талх
ОРЦ:
- 1 ширхэг давсалсан ясгүй май загас
- Крийм чийз бяслаг
- 1 ш чанасан өндөг
- 1 халбага цөцгий
- 1 ш ногоон сонгино
- Хөх тарианы талх
БЭЛТГЭХ:
- Май загасаа жижиглэж хэрчинэ.
- Крийм чийзээ нэмж нийнэ.
- Өндгөө үрээд хольж өгнө.
- Цөцгий болон хэрчсэн ногоон сонгиноо хийгээд хутгаж амтална.
- Хамгийн амттай талх бол хөх тарианы талх байдаг юм шүү.
Хүрэн манжин, крийм чийзтэй хачиртай талх
ОРЦ:
- 1 ш хүрэн манжин
- 1 крийм чийз
- 20 гр ногоон сонгино
- Хар перец
- Цагаан талх
БЭЛТГЭХ:
- Хүрэн манжингаа чанаад маш сайн нухашлана.
- Ногоон сонгиноо жижиглэж хэрчинэ.
- Крийм чийз, жижиглэсэн сонгино, хар перецээ хийгээд амтална.
- Энэ хачир нь цагаан талхтай хамгийн сайн зохицоно. Мөн авокадо, яншуйгаар чимэглэвэл маш гоё амт үзэмжтэй болно. Энэхүү хачиртай талхаар ирсэн зочидоо дайлбал маш сайхан сэтгэгдэл төрүүлж чадна.
Фета бяслагтай хачиртай талх
ОРЦ:
- 250 гр фета бяслаг
- 1 ширхэг дунд зэргийн сонгино
- 2 халбага зөөхий
- Хар талх
БЭЛТГЭХ:
- Бяслагаа үрнэ.
- Сонгиноо хэрчинэ.
- Зөөхийгөө хийж хутгана.
- Хар талхан дээр тавиад, нимгэн хэрчсэн улаан лооль, навчаар чимэглээд амтархан идээрэй!
Эдгээр амтат хачиртай талхнуудын зургыг хараад хоолны дуршил чинь сэргэж, эдгээр бүх жорыг туршиж үзэх хүсэл төрсөн байхаа. Эдгээрийн дунд таны хүссэн тэр л төгс амт бий гэдэгт эргэлзэхгүй байна. Туршаад үзээрэй!
Орчуулсан: Х.Гэгээн
Эх сурвалж: Так Просто