Бүх л өдөржин бие болон сэтгэл санаагаараа сайхан байхын тулд өглөөн цагаар хөнгөн дасгал, хөдөлгөөн хийж байх хэрэгтэй. Хүч тамираа барсан хүндхэн дасгалаар өөрийгөө зовоох хэрэггүй. Өглөө орондоо байхдаа ч цаг хугацаа бага зарцуулагдах энгийн дасгал хөдөлгөөнүүд хийж болно. Эдгээр дасгалууд нь таныг шинээр, бүрэн дүүрэн эрч хүчээр цэнэглэгдэхэд тань туслах болно.
Өглөө ажилдаа явах гэж өөрийгөө хүчлэн босох ямар хэцүү билээ, иймд сэрмэгцээ орондоо хийж өөрийгөө сэргээх боломжтой 7 гайхалтай дасгалыг энд орууллаа.
1. Эрвээхэй байрлал
Эрвээхэй байрлал бол сайн амрах, бясалгах ерөнхийдөө илүү тэнцвэртэй байдлыг олж мэдрэхэд тустай маш сайн байрлал юм.
- Нуруугаараа дээш харж хэвтээд, амьсгалаа гаргангаа өвдгөө нугална. Өсгийгөө аарцаг руугаа ойртуулаарай.
- Хоёр хөлийн ул бие биендээ хүрч байх ёстой.
- Нэг гараа гэдсэн дээрээ, нөгөө гараа цээжин дээрээ тавина.
- Амьсгалаа аваад хэдэн хором бариад дараа нь аажмаар гаргана.
- Дасгалыг 10 удаа давтана.
2. Планк: Булчин чангалах дасгал
Планк бол маш үр дүнтэй дасгал. Энэ дасгал нь гэдэс, нуруу, мөрийг маш сайн чангалж өгдөг:
- Гар дээрээ биш харин шуун дээрээ тэнцвэрээ барьж байгаад дээш түлхэж өгнө.
- Биеэ дээш өргөхдөө толгойноос өсгий хүртэлээ шулуун байдалд байлгана.
- Планк дасгалыг 20 секундын турш барьж хийнэ, амьсгалаа хэвийн тогтвортой байлгана.
- Нэг дасгал хийгээд 30 секунд амарна.
- Дасгалыг 3 удаа давтаж хийгээрэй.
3. Аз жаргалтай хүүхэд байрлал
Аз жаргалтай хүүхэд байрлал нь нурууг чангалж бэхжүүлэх, хөлийг сунгахад тустай. Энэ дасгал нь маш энгийн дасгал юм:
- Нуугаараа дээш харж хэвтэнэ.
- Матрасс дээр хэвтсэн чигээр өвдгөө дээш өргөнө.
- Хөлийнхөө улнаас барьж байгаад өвдөгөө цээж рүүгээ татна.
- Энэ байрлалд байхдаа 5-10 удаа амьсгалаа авч гаргаарай.
4. Тал гүүрэн байрлал
Тал гүүрэн дасгал нь бүхий л биеийг чангалж, сунгана:
- Нуруугаараа дээш харж хэвтээд, хөлөө орон дээр өвдгөөр нь нугалсан байдалтай байлгана. Хөл ташаан өргөний хэмжээтэй байх ёстой.
- Ахар сүүлний хэсгийг дээш өргөнө, бие шулуун байх ёстой.
- Ахар сүүлээ өргөсөн чигээр 30 секунд түр бариад аажим аажмаар доошлуулаарай.
- Дасгалыг 3 удаа давтаж хийнэ.
5. Хөл өргөсөн байрлал
Хөлөө өргөж хийдэг энэ дасгал нь гэдэсний болон гуя ташаан булчинг чангалж, цусны эргэлтийг сайжруулдаг:
- Нуруугаараа дээш харж хэвтээд хоёр гараа хоёр талдаа шулуун авна.
- Баруун хөлөө дээш өргөөд хөл, гуяаа 90 градусын өнцөг үүсэх хүртэл нь доош буулгахдаа амьсгалаа авсан хэвээр байна.
- Хөлөө аажим аажмаар доош буулгана.
- Дасгалыг хөл тус бүрт 10 удаа давтан хийнэ.
6. Хүзүү, мөрний дасгал
Компьютерийн өмнө ихэнхи цагаа өнгөрөөдөг бол хүзүү, мөрөндөө илүү их анхаарал тавьж байх нь маш чухал юм. Үүний хамгийн энгийн дасгал бол Зураг 1 дээр үзүүлсэн шиг нэг гараараа хүзүүнээсээ барьж байгаад нөгөө гараараа толгойгоо тал тал тийш нь хазайлгах. Та мөн дараах дасгалыг ч хийж болно:
- Нуруугаа цэх шулуун байдалтай доош суугаарай. Зүүн гараа толгой дээрээ өргө.
- Зүүн гараа тохойгоор нь нугалаад толгой дээгүүрээ баруун чихнийхээ ойролцоо авчирна.
- Зүүн тохойгоо толгой руугаа түлхэж сунгаж өгнө. Сунгалтыг 20 секундын турш тогтоон барина.
- Гар тус бүрт 3 удаа давтаж хийнэ.
7. Хамраараа амьсгалаад дуусгана
Энэхүү дасгал нь бие махбодио мэдэрч амар, тайван байхад тань тусална:
- Орон дээр нуруугаараа хэвтэнэ.
- Биеэ тайвшуул.
- Бүх биедээ массаж хийх зуураа хамраараа амьсгалаарай.
Та ер нь өглөө сэрмэгцээ дасгал хийж үзсэн үү? Өглөөний эдгээр дасгалыг хийгээд сэтгэл санаа тань улам сайхан болж байгааг мэдрээд нэг үзээрэй!
Орчуулсан: Х.Гэгээн
Эх сурвалж: Так Просто