Бүсгүй та илүүдэл шар үснээс салах дараах аргуудаас өөрт тохирохыг сонгон хэрэглээд үзээрэй

Бүсгүй та илүүдэл шар үснээс салах дараах аргуудаас өөрт тохирохыг сонгон хэрэглээд үзээрэй.

Өнгөрсөн зуунд сахалтай залуухан бүсгүйчүүдийг хамгийн дур булаам, тачаангуй амраг байдаг гэж үздэг байв. Үүнийг эмэгтэй хүнд эр бэлгийн даавар давамгайлан темперамент, зан чанарт нөлөөлдөгтэй холбон тайлбарладаг. Эмэгтэйчүүдийн уруулын дээхнэ байх сахал нь орчин үеийн эрчүүдийн сэтгэлийг ч мөн татна гэдэгт би эргэлзэж байна.

Сахал нь эмэгтэй хүний гоо зүйд нийцэхгүйгээс гадна дотоод шүүрлийн тогтолцооны өвчин, үргүйдэл, зулбалт, хавдар, өндгөвчний өвчинтэй холбоотой байж болно. Дараах зөвлөмжүүд нь гэрийн нөхцөлд нүүрэн дээрх дургүй илүүдэл шар үснүүдийг хэрхэн арилгах, ямар аргуудыг ашиглавал илүү зохимжтой болохыг танд зөвлөх болно.

НҮҮРНИЙ ИЛҮҮДЭЛ ШАР ҮСИЙГ ХЭРХЭН АРИЛГАХ 6 ТӨРЛИЙН ЗӨВЛӨМЖ

  1. Үл тоомсорлох

Давуу тал. Сахалтай үсэрхэг байх нь яршигтай залуустай тэмцэх маш сайн хэрэгсэл болдог.

Сул тал. Олон эмэгтэйчүүд уруулын дээрх үсээ анзаараагүй мэт дүр үзүүлдэг ч энэ нь бусад хүмүүст харагддаггүй гэсэн үг биш юм! Шулуун хамар, гоёмсог уруул, том нүд, дэрэвгэр сормуус – эдгээр бүх давуу талыг жирвэгэр сахал харлуулдаг.

  1. Сахлын хутгаар хусах

Давуу тал. Хурдан, хялбар, зардал багатай.

Сул тал. Нүүрний илүүдэл үсийг хусах нь хамгийн сайн арга биш юм. Үүний дараа үс чинь улам өтгөн болж ургана, нимгэн арьс цочирно, үс нь дотогшоо ургана, тууралт гарна. Мөн үр нөлөө нь богино настай: хэдхэн хоногийн дараа та энэ процедурыг дахин давтан хийх хэрэгтэй болно.

  1. Хямсаагаар түүх

Давуу тал. Мэргэжлийн сайн хямсаагаар ямар ч урттай үсийг түүж авах боломжтой. Шинээр дахин ургах хугацаа нь 4 долоо хоног байна.

Сул тал. Энэ нь маш их өвтгөдөг процедур тул цочрол өгч, үрэвсэж болохоос гадна гүвдрүүтүүлж ч болзошгүй. Хямсаагаар түүсний дараа үс нь шингэрч ургадаг боловч тал тал руу налж ургадаг.

  1. Устөрөгчийн хэт исэл буюу перекись

Давуу тал. Перекись нь үсийг бүр мөсөн арилгадаг. Энэ нь үсийг хөнгөн, хугарамхай, хуурай болгож, гүйцэд гарч ирэхгүй болгоно.

Сул тал.  Зөвхөн шингэн үстэй хүмүүст тохиромжтой. Арьс нь энэхүү процедурт хурдан дасаж, үр нөлөө нь сулардаг.

  1. Вакс

Давуу тал. Үсийг арилгах хамгийн найдвартай арга. Ваксан тууз эсвэл зүгээр л вакс ашиглаж болно. Энэ нь цаг хугацаа, мөнгө хэмнэхээс гадна нүүрний үсийг 2 долоо хоногийн турш гарч ирэхгүй байлгаж чаддаг.

Сул тал. Ваксыг түрхэхдээ маш болгоомжтой байж хэд хэдэн дүрмийг дагаж мөрдөнө. Хэрэв вакс хэт халуун байвал түлэгдэлт үүсч болно. Тавьсан ваксаа татаж авахад арьс гэмтэж, улайдаг.

  1. Шугаринг

Давуу тал. Энэ процедур нь эерэг үр дүнг өгдөг тул ихэнх гоо сайхны салонууд санал болгодог. Шугарингийг сард 1 л удаа хийдэг.

Сул тал. Эхний удаа үүнийг хийж чадахгүй байж магадгүй. Та шугаринг хэрхэн бэлтгэх талаар жаахан суралцаж, дасгал хийх хэрэгтэй.

Та гэрийн нөхцөлд илүүдэл үснээсээ салж болно, эсвэл та мэргэжлийн хүнээс зөвлөгөө авч болно. Гоо сайхны салонууд нь илүүдэл үс арилгах олон төрлийн үйлчилгээг санал болгодог хэдий ч энэ бүхнийг бие даан, нэмэлт зардалгүйгээр өөрөө хийж сурах боломжтой!

Ингээд бид танд шугаринг гэж чухам юу болох, арьсаа гэмтээхгүйгээр үүнийг гэртээ хэрхэн зөв хийх талаар дэлгэрэнгүй тайлбарлах болно:

Шугаринг нь чихрийн найрлага ашиглан хийгддэг эпиляци юм. Түүний үйлчлэл нь биеийн янз бүрийн хэсэгт ургасан илүүдэл үснээс хурдан салах боломжийг олгодог. Шугаринг нь тодорхой гүйцэтгэлийн ур чадвар шаарддаггүй тул гэрийн нөхцөлд энэ процедурыг хийж болно.

Шугарингийн ач холбогдол:

Элсэн чихэрээс бүрдэх энэхүү зуурмагт хэд хэдэн давуу тал бий.

Үүнд мөн дараахь зүйлс орно:

  1. Уг бэлдмэлийн үндсэн найрлагад нунтаг элсэн чихэр, ердийн ус, нимбэгний шүүс орно. Орж байгаа бүтээгдэхүүн бүрийн өртөг бага, олдоцтой.
  2. Эпиляциа гэртээ өөрийн гараар хийх боломжтойгоос гадна мэргэжлийн хүний тусламж шаардлагагүй.
  3. Үс авах бэлдмэл нь зөвхөн байгалийн гаралтай орц найрлага агуулдаг, будаг, химийн нэмэлт найрлагагүй тул харшил үүсгэдэггүй шинж чанартай.
  4. Үсийг янз бүрийн аргаар авдаг ч гол асуудал нь арьсыг микро түвшинд нь маш ихээр гэмтээдэг. Шугаринг нь арьсыг гэмтээхгүйгээр нэг миллиметр урттай үсийг ч авах боломжтойгоороо онцлог.
  5. Шугарингийг 3-4 долоо хоногт нэг удаа хийж болно. Үс нь булцуутайгаа хамт авагддаг учир арьс нь гөлгөр толигор болохоос гадна тухайн хэсэгт үрэвслийн процесс, цочрол үүсдэггүй. Үс авах үйлдэл нь үсний ургалтын дагуу хийгддэг тул үс нь бүрэн авагддаг.
  6. Наалдсан чихрийг нь арьсны гадаргуугаас ердийн усаар амархан арилгаж болохоос гадна арьс нь зөөлөн, гөлгөр хэвээр байдаг. Зуурмагийг түрхэх явцад температур нь нэмэгдэхгүй тул түлэгдэнэ гэж айлтгүй.
  7. Үс авах энэ арга нь үсийг илүү нарийхан, илүү цайвар болгодог тул процедурыг хэдэн сарын дараа ч дахин хийж болно.

ШУГАРИНГ ХИЙХ ТЕХНИК

Та гэрийн нөхцөлд хийгдэх арчилгааг хоёр өөр янзаар хийж болно.

Гар техник. Энэ техникийг зөвхөн гараар хийдэг. Хэрэв та үс авах техникийг зөв хийж сурая гэвэл зөвхөн гар, хөл ч биш, суга, мөн бикини орчмын үсээ ч авч болно. Энэхүү гараар авах аргыг ихэвчлэн гэртээ үсээ арчилдаг бүсгүйчүүд хэрэглэдэг.

Бинттэй техник. Энэ төрлийн шугарингийг гэрийн нөхцөлд болон салонд ашигладаг. Ихэвчлэн том хэмжээний газрын үсийг туузан бинт ашиглан авахад энэ аргыг ашигладаг. Бинттэй техник нь урт үсэрхэг хэсгийн үсийг авахад илүү тохиромжтой байдаг.

ШУГАРИНГИЙН ЗУУРМАГ БЭЛТГЭХ

Гэртээ өөртөө шугаринг хийхийн тулд үс авах зуурмагийг хэрхэн бэлтгэх алхамуудыг сайтар мэдэж байх хэрэгтэй. Шугарингийг бэлтгэх хэд хэдэн аргууд байдаг, гэхдээ бид гуравхан орцтой сонгодог зуурмагыг хэрхэн хийх талаар танилцуулах болно.

НАЙРЛАГА:

  • Нунтаг элсэн чихэр – 2 аяга;
  • Шинэхэн шахсан нимбэгний шүүс – 1/4 аяга;
  • Цэвэр ус – 1/4 аяга.

Хэрэв гэрт нь нимбэгний шүүс байхгүй бол түүнийг алимны цуугаар орлуулж болно. Алимны цуу нь 6% -иас ихгүй агууламжтай бах ёстой. Гэхдээ хольцыг бэлтгэх явцад цагаан цуунаас тааламжгүй үнэр гарах болно гэдгийг анхаараарай.

БЭЛТГЭХ:

Бүх орцуудаа нэг хайруулын тавганд бүгдийг хийгээд зөөлөн галаар буцалгана.

7 минут буцалгана, элсэн чихэрээ шатаахгүйн тулд байнга хутгаж өгнө. Үүний үр дүнд шар өнгийн зуурмаг болно. Хольцоо шар өнгөтэй болсны дараа зуухан дээрээ дахин таван минут байлгана, ингэхдээ зуурмагыг зуурагдахааргүй өтгөн болтол нь хутгасаар л байна, хутгахаа зогсоож болохгүй. Бэлэн болох хугацаа нь зуухны төрөл, галын хүчнээс хамаарна.

Зуурмагийг шугаринг хийхэд болохоор болсон эсэхийг мэдэхийн тулд та жижиг туршилт хийх хэрэгтэй. Үүнийг хийхийн тулд бага хэмжээний чихрийн сиропыг халбагаар хутгаж аваад аягатай хүйтэн ус руу хийнэ. Хэдэн секундын дараа усанд орсон дуслыг хуруугаараа барьж, чимхэж үз. Хэрэв уг найрлагаас бөмблөг үүсэж байвал таны үс авах зориулалттай зуурмаг бэлэн болжээ гэсэн үг. Хэрэв уян хатан биш байвал дахин нэг минут буцалгаарай.

Бэлэн болсон зуурмагийг өргөн хүзүүтэй шилэн саванд хийж таглаад хөргөгчинд арван таван минут байлгаарай. Мөн хольцыг өрөөний температурт хөрөхийг нь хүлээх боломжтой. Зуурмаг нь ерөнхийдөө 40 градусын температуртай байх ёстой.

ЗӨВЛӨГӨӨ, ДҮРЭМ

Гэртээ уг процедурыг хийхдээ хэд хэдэн үндсэн дүрмийг дагаж мөрдөх шаардлагатай.

  1. Үсний урт нь дор хаяж 7 мм байх ёстой, хэрвээ үс нь хэт богино байвал чихрийн зуурмагтай сайн барьцалдахгүй байх талтай. Гэхдээ хэт урт үстэй байж бас болохгүй.
  2. Процедураас хагас цагийн өмнө та арьсаа бага зэрэг чийгшүүлж халуун шүршүүрт орох хэрэгтэй. Үүнээс гадна гуужуулагч хэрэглэх нь зүйтэй. Энэхүү процедур нь илүүдэл арьсыг унагахаас гадна үс авах процессын зовиурыг багасгаж өгдөг.
  3. Шүршүүрт орсныхоо дараа арьсаа ариутгагч уусмалд ариутгах хэрэгтэй.

Үс авах үйл ажиллагааны алхмууд:

  1. Гартаа ариутгасан бээлий өмсөөд хамгийн тухтай байрлалдаа суух юмуу хэвтээрэй.
  2. Зуурмагаас хушга шиг жижиг хэмжээтэйг авахад хангалттай. Зуурмагаа гартаа өнхрүүлж байгаад түрхвэл илүү хатуу хуванцар шиг болох боломжтой байна.
  3. Бэлтгэсэн зөөлөн бөмбөлгийг арьсан дээрээ түрхэж тараагаад гучин секунд байлгана.
  4. Энэ хугацаанд зуурмаг нь хатаж үс нь сайн бэхлэгдэнэ. Зуурмагийг ирмэгээс нь өргөж байгаад үсний ургалтын чиглэл дагуу огцом татна. Өвдөлтийг нь бага байлгахын тулд зуурмагийг татахаас өмнө арьсаа бага зэрэг чангалж өгвөл сайн.
  5. Ийм аргаар цэвэрлэх хэсгийн бүх үсэнд эпиляци хийнэ.
  6. Үсийг авч дууссаныхаа дараа ариутгагч уусмал арьсандаа түрхэж өгнө.
  7. Хэрэв та бинттэй техникийг ашиглан үс авч байгаа бол зуурмагийг хусуураар түрхээд, дээр нь туузан бинтээ нааж өгнө. Зуурмагийг хорин секундын турш байлгаж байгаад огцом татаж хуулж авна.

Орчуулсан: Х.Гэгээн

Эх сурвалж: Так Просто и kleo.ru

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Please reload

Please Wait