НАВЧИТ НОГООГ аминдэмийг нь алдагдуулахгүйгээр ЗӨВ ХӨЛДӨӨЖ ХАДГАЛАХ АРГА

Өнөө үед хүнсний дэлгүүрүүд лангуугаа шинэхэн хүнсний ногоогоор жил тойрон чимдэг болжээ. Гэсэн ч бидний өөрсдийн цэцэрлэгтээ тарьсан ногоо дэлгүүрийнхээс хавьгүй амттай бас эрүүл байж чаддаг.

Эрдэмтэд хөлдөөж нөөцөлсөн яншуйн С аминдэм нь өвлийн улиралд хүлэмжинд ургуулсан яншуйныхаас 2 дахин их байгааг олж тогтоосон байна. Иймд өвлийн улиралд ногоо тарьж хэрэглэхээс илүүтэй зуны улиралд тариалсан ногоогоо зөв хадгалж хэрэглэх нь чухал юм байна.

Иймд бид өвлийн улиралд нарийн ногоо худалдаж авахгүй байхын тулд хүнсний ногооны бүх ашигтай бодис, аминдэмүүд болон микро элементүүдийг нь хамгийн өндөрөөр хадгалж хөлдөөх  арга техникд суралцах хэрэгтэй болж байна.

Хөлдөөх ногоогоо бэлтгэх хоёр арга бий – зөвхөн угаах эсвэл чанах. Чанаж хадгалах процесс нь бүтээгдэхүүнийг гэмтэхээс хамгаалах хэдий ч үнэр болоод аминдэм нь алдагддаг гэдгийг тэмдэглэх нь зүйтэй байх.

Хөлдөөхийн өмнө навчнууд ямар ч чийггүй байх ёстой, учир нь чийгтэй хөлдөөсөн тохиолдолд навчнууд мөсөн талстуудаар бүрхэгдэж нэг цул болж бөөгнөрөн хөлддөг. Ингэсэн тохиолдолд таслан авч хэрэглэх их түвэгтэй болдог.

Бүтэн мөчир, иш, том навчнуудыг хөлдөөж хадгалах

ХИЙХ ҮЙЛДЭЛ

  1. Розмарин, ганга, яншуй зэрэг нь мөчир хэлбэрээр хадгалахад тохиромжтой ногоо юм.
  2. Илгэн цаасаар том хавтан юмуу тавиур хий.
  3. Тавиур дээр хөлдөөх мөчирнүүдээ тавиад хөлдөөгчинд 2 цаг хөлдөө.
  4. Хөлдөөгчнөөс гаргаж ирээд тохирох саванд хий. Хөлдөөгчинд буцааж хийхийн өмнө хөлдөөсөн он сар өдөр болон агуулгыг бичиж тэмдэглэнэ.
  5. Өвлийн улиралд мөчирөөр нь юмуу жижиг жижиг хэсгээр нь авч хэрэглэнэ. Зөвхөн хоолондоо хийхийн өмнө авч хийж байх хэрэгтэй.

 Ногоог хэрчээд хөлдөөж хадгалах

ХИЙХ ДАРААЛАЛ

  1. Бэлтгэсэн ногоонуудаа зайлж угаагаад, сайтар хатаагаад үрж юмуу хэрчиж бэлдэнэ. Ингэж бэлтгэвэл ногоо хөлдөх үедээ зөөлөрч бөөгнөрөхгүй.
  1. Хөлдөөх ногоонуудаа өргөн хүзүүтэй шилэн саванд юмуу пластик цахилаантай уутанд (цэвэр, хуурай) тарааж хийвэл хөлдөөхөд болон хөлдөөсний дараа хэрэглэхэд амар байдаг.

Ингэж хадгалвал, нэгдүгээрт, ногооны шим тэжээл, амин дэмүүд илүү сайн хадгалагдахаас гадна хөргөгчний үнэр шингэдэггүй.  Хоёрдугаарт, шилэнд сул савласан навчнууд нь хэлбэрээ илүү сайн хадгалах бөгөөд үйрч хоорондоо наалдахгүй.

  1. Уут, савандаа огноог тэмдэглэж тавиарай.

 Мөсний саванд ногоо хөлдөөж хадгалах

ХИЙХ ДАРААЛАЛ

  1. Шоо дөрвөлжин мөсний саванд хийж хөлдөөсөн ногоог шөл эсвэл бусад халуун хоолонд буцлах явцад нь нэмж хийнэ. Ингэж хэрэглэвэл хоолны амт, өнгө үзэмж гайхалтай сайхан болох болно.
  2. Ногоогоо хэрчиж бэлтгэнэ. Эсвэл блендерт хийж жижиглэж болно.
  3. Мөсний саваа бэлтгэнэ (аяган бялууны жижиг силикон хэвийг ч ашиглаж болно). Шоо дөрвөлжин нүд бүрийн ¼ хэмжээгээр ногоогоо хийж өгнө.
  4. Нүд бүрийг буцалгаж хөргөсөн усаар дүүргээрэй. Хөлдөөсөн ногоог шууд таваган дээр тавих тохиолдол гарах учир заавал буцалсан ус хийх ёстой шүү.

  1. Ингээд хөлдөөгчид хийж хөлдөөнө. Хөлдсөн бэлдэцүүдээ агаар нэвтрүүлдэг уут, саванд хийгээд огноог тавьж өгнө.

  1. Арай томхон хэмжээний саванд гаа зэргийн жижиг мөчирүүдийг хийж хөлдөөж болно. Гааны навчтай мөсөө сэргээх ундаа, цайндаа хийж ууж болно.

Навчит ногоог цөцгийтэй хольж хөлдөөх

Цөцгийн тостой хольж хөлдөөсөн ногоо сайхан амт, үнэрээ алддаггүй учир зочид айлчлах үеэр хэрэглэвэл зочдод тань сайхан сэтгэгдэл төрүүлэх нь гарцаагүй. Ногоотой цөцгийн тосыг талхан дээр түрхэж идэхээс гадна янз бүрээр хэрэглэж болно, тухайлбал, үүнийг мах, загас, өндөг, төмс зэргийг шарахдаа хэрэглэж болох юм.

ХИЙХ ДАРААЛАЛ

  1. Цөцгийн тосыг хайлмагтаж зөөлөртөл нь өрөөний хэмд нэг цаг байлгах хэрэгтэй. Шингэрч зуурмаг шинжтэй болтол нь сэрээгээр хутгах юмуу блендердэж болно.
  2. Бэлтгэсэн ногоонуудаа (яншуй, ганга, розмарин, базилик) хэрчиж жижиглээд цөцгийн тостойгоо холино. Бага зэрэг лемоны шүүс нэмж хийгээд хутгаарай.
  3. Хөлдөөх савандаа хийн таглаж тавиад, огноог тавьж өгнө.
  4. Ийнхүү цөцгийтэй хөлдөөсөн ногоог хөлдөөгчид 12 хүртэл сарын хугацаанд хадгалах боломжтой боловч гэсгээсэн ногоог 2-3 өдрийн дотор хэрэглэх ёстой байдаг.

Ургамалын тосонд хөлдөөх

ХИЙХ ДАРААЛАЛ

  1. Энэ арга нь мөсний саванд хийж хөлдөөх аргатай төстэй. Энэ удаад ногоон навчит ургамалуудаа багахан хэмжээний оливийн тостой хольж нухаш маягын зүйл болгоод хөлдөөж хэрэглэж болно.
  2. Тос, ургамлын харьцаа – 1: 4 байвал зохимжтой.
  3. Тос, ногоо хоёроо сайн найрагдтал сайтар хутгаж өгөх хэрэгтэй.
  4. Үүнийгээ мөсний савныхаа нүдний 3/4 аар дүүргэж хийнэ. Үүнд ус хийх хэрэггүй.
  5. Ингээд үүнийгээ хөлдөөгчний тавиур дээр тавиад хөлдөөнө.
  6. Хөлдөхөөр нь уутанд хийж хадгалана.

Навчит ногоо хөлдөөх зөвлөмжүүд

  1. Хөлдөөсөн ногоонуудыг 6 хүртэл сар хадгалж болох боловч энэ хугацаанаас нь өмнө хэрэглэвэл зохимжтой, учир нь удаан хадгалах тусам ногооны амт нь алга болдог.
  2. Ногоог хөлдөөж хадгалахдаа пластик юмуу сликон уутанд хийвэл илүү дээр байдаг. Метал сав исэлдүүлэх, харин шилэн сав хагарах аюултай байдаг.
  3. Мөн ногоогоо бага хэмжээгээр жижиг жижиг хөлдөөвөл илүү оновчтой, учир нь хөлдөхдөө хурдан байна, хөлдөх хурд хурдан байх тусам чанараа алдах нь бага, мөн бага багаар хэрэглэж байгаа учир ногооны чанар алдагдахгүй байх зэрэг давуу талтай.
  4. Хөлдөөсөн ногоонуудыг гэсгээхгүйгээр шууд хэрэглэдэг нь хэрэглээг хялбарчилж байгаа гэсэн үг юм.

Зарим гэрийн эзэгтэй нар хүнсэнд хэрэглэх ногоогоо хөлдөөж хэрэглэдэг бол зарим нь давстай дарж хэрэглэдэг. Өвлийн улиралд хэрэглэх ногоонуудаа хадгалах энэхүү анхны арга нь ногооны шинж чанарыг алдагдуулахгүй бүх витамин, амт чанарыг нь хадгалж байдаг давуу талтай.

Эх сурвалж: https://takprosto.cc/

Орчуулсан Х.Гэгээн

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *