Ариун цэврийн өрөөнд харсан зүйл чинь таны эрүүл мэндийн талаар маш их зүйлийг хэлж чадна. Эдгээр 12 өвчний шинж тэмдгийг тоолгүй орхиж болохгүй.
Ариун цэврийн өрөөнд болсон зүйлийн талаараа энд ярих нь зохисгүй хэдий ч энэ нь заавал ярих ёстой чухал сэдэв болоод байна. Бие махбодиос гадагшилдаг ялгадсын тухай ярихаар ярилцагчдын дунд эргэлзээ төрүүлэм, ичмээр бас хошигномоор зүйлс их гардаг. Харамсалтай нь, бидний бие махбодь ялгаруулалтын системээрээ дамжуулан бие махбодид удахгүй болох гэж байгаа зүйл буюу өвчний тухай дохиог илгээдэг болохыг олон хүмүүс мартжээ. Хэрэв та биеийн дохиогоо үл тоомсорловол хоол боловсруулалт муудах, халдвар авах, тэр ч байтугай хорт хавдар тусах зэрэг ноцтой зүйлстэй тулгарах эрсдэлтэй.
Гэдэсний өвчний шинж тэмдэг
Та суултуур дээрээсээ дүн шинжилгээ хийж байсан уу? Тэр байтугай балиар заваан хэлбэр, өнгийг нь шинжлэж сурвал аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, түүнийг эрт оношлох боломжтой юм. Нормативаас ямар нэгэн байдлаар хазайсан, ялгадасын харагдах байдал нь ийм байх ёсгүй гэж үзэж байвал эмнэлгийн яаралтай тусламж авах хэрэгтэй.
Бид та бүхэнд бие засах газар яаралгүй, доошоо харж байхыг хатуу зөвлөж байна. Таны өтгөний онцлог шинж байдал нь хоол боловсруулах замыг чинь хэр эрүүл байгааг, юуг анхаарах ёстойг чинь харуулдаг юм шүү.
1997 онд Их Британийн Бристолын их сургуулийн эрдэмтэн Мейерс Хэйтон хүний ялгадасын хэлбэрийг анагаах ухааны талаас ангилж авч үзсэн байна. Энэ хүснэгтийг гэдэсний эмгэгийг өөрөө оношлох хамгийн сайн хүснэгт гэж үздэг. Энэ нь дан шинж тэмдгүүд дээр үндэслэн оношлогоо хийдэг эмчийн ажлыг хөнгөвчилдөг. Олон өвчтөн энэ асуудлын талаар ярихаасаа ичээд байдаг талтай. Хүснэгтийн дагуу гэдэсний хөдөлгөөний төрлийг зааж, энэ талаар эмчид хэлэх нь илүү хялбар байдаг.
3 ба 4-р ялгадсыг хамгийн тохиромжтой гэж үздэг бол, 1-2-р хэлбэр нь өтгөн хатах шинж чанартай, 5, 6, 7-р хэлбэр нь гэдэсний үйл ажиллагааны эмгэгтэй юмуу эсвэл суулгалт явагдаж байна гэж тодорхойлдог. Ариун цэврийн өрөөнд орох тооны тухайд бол хүн бүр өөр өөрийн гэсэн нормтой байдаг. Өтгөнөө өдөрт 3 удаа гаргадаг хүн байхад, 7 хоногт 3 удаа гаргадаг хүн байх жишээтэй.
Хий дэмий сандрахаас сэргийлж анхаарах ёстой дохионы жагсаалттай танилцаарай. Хэрвээ өтгөн чинь өөрчлөгдөхийн хажуугаар хэвлийгээр чинь өвдөж байвал нэн даруй эмчид хандаарай!.
- Ердийн өтгөн ямар байх ёстой вэ?
Ердийн өтгөний 75% нь ус байдаг. Үлдсэн хэсэг нь эслэг, амьд ба үхсэн бактери, янз бүрийн эс, салстууд байдаг. Өнгө нь цайвар хүрэнээс бараан хүртэл ялгаатай байж болно. Ердийн байдал нь жигд, гөлгөр, зөөлөн байдаг. Өтгөн нь салангид хэсгүүдээр биш харин нэг бүхлээр аажмаар гарч ирэн чимээгүй, зөөлөн унах ёстой. Байгалийн үнэр нь тааламжгүй, гэхдээ зэвүүрхэм байдаггүй.
- Цагаан, цайвар эсвэл саарал өнгийн өтгөн
Цагаан, цайвар эсвэл саарал өтгөн нь элэгний ноцтой асуудал байгааг илтгэдэг. Цөсний замын бөглөрөл, цөсний чулуу, гепатит эсвэл элэгний хатуурлын шинж тэмдэг байж болно. Заримдаа хүний ходоодны ялгаруулсан давсны хүчлийг саармагжуулагч бодис бүхий эм тариа (антацид) хэрэглэсэнтэй холбоотойгоор өтгөн цайвар өнгөтэй болох тохиолдол бий. Энэ бодис нь хөнгөн цагааны найрлагатай зүрх судасны эмэнд агуулагддаг. Өтгөн дэх цагаан салиа нь Крон/Crohn өвчний шинж тэмдэг байж болно.
- Ногоон өнгийн өтгөн
Өтгөн ногоон өнгөтэй байх нь хлорофиллээр баялаг хүнсний ногоо (бууцай, Брюссель нахиа, цэцэгт байцаа, бууцай, гишүүгэнэ) эсвэл ногоон өнгийн хүнсний будагтай хоол хүнс хэрэглэснээс үүдэлтэй байж болно. Төмөртэй эм уух үед өтгөний өнгө нь хар ногоон өнгөтэй болдог.
Хэрэв шалтгаан нь хоол хүнс биш бол гэдэсний хөдөлгөөн нэмэгдсэнтэй холбоотой байж болно, учир нь бидний идсэн зүйлс хоол боловсруулах замаар маш хурдан дамждаг тул бие нь билирубиныг цөснээс гаргаж авч чаддаггүй гэсэн үг юм. Энэ байдал нь антибиотик болон сульфонамидыг удаан хугацаагаар хэрэглэсэнтэй холбоотойгоор үүсдэг.
- Шар өнгийн өтгөн
Цөсний замын бөглөрөл, өөх тос шингээх чадваргүй болсноос үүдэлтэй шинж тэмдэг байж болох юм. Нойр булчирхай нь хангалттай фермент гаргаж чаддаггүйгээс архаг панкреатит үүсдэг. Байнга шар өнгийн өтгөн гараад байвал целийн өвчин, цистик фиброз эсвэл гиардийн халдварыг илтгэдэг. Гэхдээ урьдаас сандрах хэрэггүй! Өмнөх өдөр та маш их хэмжээний өөх тос эсвэл шар өнгөтэй хоол хүнс идсэн байх магадлалтай.
- Хар эсвэл бараан улаан өнгийн өтгөн
Аспирин, Ибупрофен эсвэл төмрийн бэлдмэл ууж байгаа үед өтгөн хар юмуу бараан улаан өнгөтэй болдог. Ердийн үед ийм байж болох хамгийн түгээмэл шалтгаан бол таны хоол хүнс – хүрэн манжин, нэрс, чихэр өвс, будагч бодис бүхий хоол хүнс хэрэглэсэн тохиолдолд ийм өнгөтэй болж болно. Заримдаа хар өнгийн өтгөн нь бүдүүн гэдэсний архаг өвчин эсвэл цус алдалт байгааг илтгэнэ. Энэ нь маш аюултай тул та даруй эмчид хандах хэрэгтэй.
- Өтгөнд цус ажиглагдах
Өтгөнд цус ажиглагдах нь маш түгшүүртэй шинж тэмдэг, эмчид яаралтай оч, хойшлуулж болохгүй шүү! Магадгүй шулуун гэдсээр ан цав үүссэн, геморрой, шархлаат колит эсвэл хавдар байж ч болно!
- Өтгөн “нарийсах”
Хэрэв ялгадас нь нарийн судалтай, эсвэл харандаа хэлбэртэй байдаг бол энэ нь эмчид яаралтай очих шалтгаан болно! Гэдэсний наалданги, гэдэсний түгжрэл, янз бүрийн ургацаг, бүдүүн гэдэсний хорт хавдар ийм байдлаар илэрдэг.
- Өтгөн хатах
Өтгөн хатсан үед булчингаа суллаж өгөх хэрэгтэй байдаг. Бристолийн хүснэгтэнд заасанаар 1 ба 2 –р ангилалд хамаарагдана. Гол төлөв, таны бие махбодид эслэг эсвэл шингэн дутагдсанаас өтгөн хатаж болно. Ургамалын гаралтай хоол хүнс, жимс, жимсгэнэ түлхүү хэрэглээрэй. Өдөрт дор хаяж 2 литр ус уух хэрэгтэй.
Өтгөн хаталт архагшвал ноцтой эмгэгт хүргэдэг – гэдэсний түгжрэлд орох гэх мэт. Ховор тохиолдолд богино хугацаанд туулгах эм ууна. Урьдчилан сэргийлэх зорилгоор лактулозын сироп ууж болно.
Ямар нэг өвчний эсрэг эмийг удаан хугацаагаар хэрэглэх, бие махбодийн дасгал хөдөлгөөн хийхгүй байх нь өтгөн хатах шалтгаан болдог. Тиймээс эмчийн жоргүйгээр хэзээ ч эм ууж болохгүй! Өдөр бүр биеийн тамирын дасгал хий, илүү их алхаарай.
- Өтгөн шингэрэх
Бага зэрэг суулгалтыг Бристолын хүснэгтэнд зааснаар 5-р, 6-р ангилалд оруулна. Гэдэсний хөдөлгөөний давтамж нэмэгдэх шалтгаан нь цочромтгой гэдэсний хам шинж байж болохоос гадна бамбайн хордлого, целиак, эсвэл гэдэсний халдвар ч байж болно. Нөхцөл байдлыг багасгахын тулд эслэг багатай хоол идээрэй – будаа, төмс гэх мэт. Шингэн алдалтаас зайлсхийхийн тулд их хэмжээний ус уух хэрэгтэйг санаарай. Хэрэв суулгалт 2 хоногоос дээш хугацаагаар үргэлжилбэл эмчид хандана уу.
Стресс, мэдрэлийн болон зарим сэтгэцийн өвчнүүдээс улбаатайгаар суулгалт явагдах тохиолдол бий. Энэ тохиолдолд та сэтгэлзүйн эмчтэй зөвлөлдөх эсвэл тайвшруулах эм уух шаардлагатай.
- Өтгөн усархаг шингэн болох
Лактоз, хордлого, бактерийн халдвар, эсвэл эмийн тунг хэтрүүлэн хэрэглэсэн зэргээс үүдэлтэй шинж тэмдэг байж болно. Шингэн алдалттай тэмцэхийн тулд их хэмжээний ус ууна (биеийн жингийн 1 кг тутамд 100 мл шингэн). Хэрэв бие засах газар руу явах тоо нь цагт 1-ээс илүү байвал лоперамид дээр суурилсан эм ууж, эмчид хандаарай.
- Салслаг өтгөн
Гэдэсний үрэвсэлт өвчин (бактерийн халдвар, кронын өвчин, шархлаат колит, бүдүүн гэдэсний хорт хавдар) -тэй холбоотой маш аюултай шинж тэмдэг. Цус гоожих, гэдэс дотор өвдөх зэрэг шинж тэмдэг ажиглагдаж болно, яаралтай эмнэлгийн тусламж аваарай.
- Өмхий үнэртэй өтгөн
Өтгөн тэсэхийн аргагүй туйлын онцгүй үнэртэй болж болно. Амьсгал боогдуулам илжирсэн өмхий үнэр нь малабсорбцийн эмгэг, целийн өвчин, Кроны өвчин, архаг панкреатит, цистик фиброз зэрэг аюултай эмгэг өвчнүүдийн шинж тэмдэг байдаг.
- Гэдэс дүүрэх, хийгээ гаргах
Өдөрт 14 хүртэл удаа хийгээ гаргаж унгах нь хэвийн үзэгдэл юм. Эрдэмтдийн тооцоолсноор хүн өдөрт 2 хүртэл литрийн янз бүрийн хий ялгаруулдаг бөгөөд тэдгээрийн 99 хувь нь үнэргүй байдаг байна. Гэдэс хийгээр дүүрсэн үед хоолны дэглэмээ эргэн нэг шалгаж, буурцагт ургамал, байцаа, сүү, сүүн бүтээгдэхүүн, чихэр, хийжүүлсэн ундаа, кофе хэрэглэхээ азнаарай.
Ходоод гэдэсний замын үйл ажиллагааны олон асуудлуудаас хоолны дэглэм, амьдралын хэв маягаа өөрчлөх замаар урьдчилан сэргийлэх боломжтой юм шүү. Явган суух дасгал хөдөлгөөн хийхээ мартуузай, энэ дасгал нь шулуун гэдэсний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлж, шулуун гэдэсний булчинг сулруулж өгдөг. Тиймээс өтгөн хатах үед нөхцөл байдлыг арай зөөлөж өгдөг.
Гэдэсний үйл ажиллагаагаа зөв зохицуулж байх нь эрүүл мэнд, гоо сайхны түлхүүр юм. Хэрэв танд хүндрэхэд асуудалтай байвал эмчид хандаарай. Орчин үеийн үзлэг, урьдчилан сэргийлэх эмчилгээ нь ирээдүйд ноцтой өвчин тусахгүй байхад тань тусална. Эрүүл байгаарай!
Уншигчид та бүхэн минь маш сайн шинжээчид тул гэдэсний өвчнөөс урьдчилан сэргийлэхтэй холбоотой таны бодлыг мэдэх нь бидэнд маш чухал юм шүү. Сэтгэгдэл бичихээ бүү мартаарай!
Орчуулсан: Х.Гэгээн
Эх сурвалж: https://takprosto.cc/priznaki-bolezni-kishechnika/, gegee.one