Гүрж маягийн даршилсан байцаа! Өвлийн цэсэнд тань зайлшгүй байх витаминлаг хачир.
Энэхүү амтат хачирыг Гүржээр “mzhava combosto” гэдэг. Гүржийн бүс нутаг бүр өөр өөрсдийн гэсэн байцаа давслах аргатай. Гуриан, Кахети, Имеритиан зэрэг бүс нутгуудад байцаа дарах арга их ялгаатай – үүнд гол төлөв навчит ногоо, хүрэн манжин (түүхий эсвэл болгосон), халуун чинжүү орно. Гүржийн ард түмэн байцаа дарахдаа байгалийн аргаар исгэх, цагаан цуугаар дарах гэх зэрэг янз бүрийн арга ажиллагаануудыг ашигладаг. Энэхүү даршилсан байцаа нь ямар ч хоолтой зохицдогоороо онцлогтой.
Энэхүү тод өнгийн хурц амттай зуушийг хүйтэн давсны уусмалд удаан сойх аргаар бэлтгэдэг. Байцаа нь исэх явцдаа ашигт шинж чанараа алддаггүй, харин ч эсрэгээрээ ашигтай бодисуудыг үүсгэдэг байна.
Исэлдэлтийн нөлөөгөөр эцсийн бүтээгдэхүүн болоход фитонцид, фермент болоод A, B1, B2, B3, B6, K, P, U зэрэг олон төрлийн витаминуудынх нь агууламж хоёр дахин нэмэгддэг: U витамин нь ходоод, арванхоёр нугалаа гэдэсний хананд шархлаа үүсэхээс сэргийлэхийн зэрэгцээ үүссэн шархыг ч мөн эдгээдэг байна. Даршилсан байцаанд нимбэгнээс ч илүү их С витамин агуулагддаг!
Уг даршилсан байцаанд төмөр, кали, иод, кальци, магни, манган, натри, фосфор, фтор, цахиур, бор, цайр, селен зэрэг эрдэс бодисууд үүсдэг. Мөн түүнчлэн илчлэг маш багатай юм!
ГҮРЖ МАЯГААР ДАРШИЛСАН БАЙЦАА
ОРЦ:
- 3 кг байцаа
- 1,5 кг хүрэн манжин
- 3 ширхэг халуун улаан чинжүү (хэт халуун ногоонд дургүй бол 1 ширхэгийг хийж болно)
- 2 толгой сармис
- 2 мөчир цоохор майлз
- 3 халбага давс
- 2 л ус
- Хэдэн ширхэг бүхэл хар перец амт оруулах хэмжээгээрээ
- 10 ширхэг душистый перец
- Лаврын навч
- 3 багц хадаасан цэцэг
БЭЛТГЭХ:
- Энэ жор нь хүйтэнээр нь даршилдаг жор учир дарах ногоогоо урьдчилан бэлтгэсэн байна. Усаа саванд буцалгаад перец, лаврын навч, сармис, давсаа хийж уусгана. Давсныхаа хэмжээг та өөрийн хүссэнээр өөрчилж болно. Давсны уусмалаа хөргөнө.
- Байцаагаа ишийг нь дагуулж зүсээрэй. Хүрэн манжингаа нимгэн зүс. Жижиг толгойтой байцаа сонговол исгэхэд илүү тохиромжтой байдаг.
- Сармисаа хальслаад нимгэн, халуун чинжүүгээ цагираг хэлбэртэй хэрчээрэй.
- Бэлдсэн ногоонуудаа гүн саванд үечилж хийнэ. Ёроолд нь бага зэрэг хүрэн манжин, дараа нь байцаа, дахиад хүрэн манжин, дээр нь сармис, чинжүүгээ цацаад, гараараа цоохор майлзаа (нэг мөчир) үйрүүлээд хучна. Энэ маягаар давхарласаар саваа дүүргээрэй. Хамгийн дээд давхарга дээр нь хүрэн манжингаа тавиарай.
- Хөрсөн давсны уусмалаа саванд хийсэн ногоо руугаа хийнэ. Уусмал нь ногоог бүрэн бүрхсэн байх ёстой. Таг юмуу тавагаар дарж таглаад дээр нь хүнд юм тавь. Байцаагаа гал тогоондоо 3 хоног тавиад исгэх хэрэгтэй. Байцаа уусмалыг маш сайн уудаг, хэсэг хугацааны дараа давсны уусмал шингэж давс нэмэх шаардлагатай болж болно.
- 3 хоногийн дараагаар савтай байцаагаа хөргөгчиндөө хийгээрэй, 5 дахь өдрөөс нь даршилсан байцаагаа хүнсэндээ хэрэглэж болно! Байцаагаа бага зэрэг ургамлын тосоор амтлаад идэж болно.
Гүржийн жинхэнэ витаминлаг амтат зууш! Зүгээр л нэг удаа үүнийг хийгээд үзээрэй, энэ зууш таны ширээн дээр байнгын зочин болно гэдэгт эргэлзэхгүй байна.
Орчуулсан: Х.Гэгээн
Эх сурвалж: Так Просто