Гэрийн хамгийн харанхуй хэсэгт ч ургах чадвартай, гэрэл шаарддаггүй тасалгааны ургамлууд

Дараах 10 төрлийн цэцэг ургамал ямар ч орчинд амьдрах чадвартай! Гэрэл гэгээ муутай харанхуй буланд ч гэсэн …

Гэрийн тохь тухыг хангаж, агаарыг цэвэршүүлдэг тасалгааны ургамал айл бүрт зайлшгүй хэрэгтэй. Цэцэг ургамал нь нүд баясгаж, тайвшрал төрүүлдэг. Харамсалтай нь, манай орон сууцнууд дотоод чимэглэлийн зориулалттай цэцэг ургамал ургуулахад тохиромжгүй, гэрэл гэгээ муутай байх нь бий.

Ингээд бид нарны гэрэл их шаарддаггүй, сүүдэр газарт ч ургах чадвартай 10 ургамлыг танилцуулах гэж байна.

ГЭРЭЛ ШААРДДАГГҮЙ ТАСАЛГААНЫ УРГАМЛУУД

  1. Тогосон цэцэг – Калатея – Calathea

Гоёмсог хээн навчтай энэ ургамал ямар ч өрөөг гоё чимдэг. Сүүдэрлэг газар бол түүний хувьд хамгийн тохиромжтой газар, учир нь нарны хурц гэрэл түүний навчыг бэржийлгэж, өнгийг нь алдуулдаг.

  1. Мөлхөө цэцэг – Ivy – (Hedera)

Байгаль дээр мөлхөө цэцэг нь ой модны сүүдэр хэсэгт илүү сайхан ургасан байдаг. Мөлхөө цэцгийг тасалгаанд доош унжуулж мөн газарт мөлхүүлж ургуулдаг. Энэ цэцэг нь тасалгааны агаарыг маш сайн цэвэршүүлдэг. Мөлхөө цэцэг нь хөрс голдоггүй ч тогтмол усалгаа шаарддаг цэцэг юм.

  1. Луу мод – Драцена маргината – Dracaena Marginata

Драцена нь этгээд сонин төрхөөрөө харц булаадаг. Гадаад байдлаараа далдуу модтой төстэй. Энэ ургамлыг нарны гэрлээс хол байлгаж, навчны үзүүрийг нь хатаахгүйгээр тогтмол шүршиж байх хэрэгтэй. Усалгаа бага шаарддаг.

  1. Ойм – Папоротники – Ferns

Энэ ургамлыг хагас сүүдэртэй газар сонгон байршуулбал зохимжтой. Ойм нь арчлахад хялбар ургамалд тооцогддог ч агаар нь хуурай, хөрсөнд нь чийг дутмаг байвал тэр даруй хариу үйлдэл үзүүлэх болно гэдгийг санаарай.

  1. Зүрхэн хэлбэрт филодендрон – Филодендрон сердцевидный – Heart-shaped philodendron

Төв ба Өмнөд Америкийн чийглэг ойгоос бидний гэрт орж ирсэн памбгар навчтай цэцэг. Сүүдэр газарт маш сайн тэсвэртэй ургамал хэдий ч өвлийн улиралд ишийг нь сунахаас сэргийлж арай илүү гэрэлтэй газар байрлуулбал зүгээр.

  1. Нөмөргөнө – Спатифиллум – Spathiphyllum

Үүнийг мөн “эмэгтэй хүний ​​аз жаргалын цэцэг” ч гэж нэрлэдэг. Нөмөргөнө нь хэдэн сараар үргэлжилдэг цэцэглэлтийнхээ үеэр үнэхээр үзэсгэлэнтэй харагддаг! Хуучирч шарласан навчийг нь тогтмол тайрч хаян, шинэ навч ургах нөхцлийг нь бүрдүүлж байх хэрэгтэй.

  1. Мөнгөн цэцэг – Аглаонема – Aglaonema

Шинэхэн цэцэрлэгчид ургуулахад хамгийн төвөггүй цэцэг! Шилжүүлэн суулгах шаардлагагүй, энэ ургамлын үндэс нь хавчигдмал жижиг орон зайд илүү дуртай.

  1. Мөнхрөө – Сансевиерия трехполосная – Sansevieria three-way

Энэ ургамлыг танилцуулах бараг шаардлагагүй байх! Ямар ч нөхцөлд дасан зохицож чаддаг. Нарны шууд тусгалаас хол, гэрэл багатай өрөөнд ургадаг. Тод гэрэлд өнгөний хээ нь суларч, навч нь түлэгдэх талтай.

  1. Аспидистра – Aspidistra

Байгаль дээр аспидистра нь сэрүүн сүүдэртэй газарт ургадаг тул хот, суурин газар орон сууцанд эрчимтэй гэрэл шаардахгүй ургадаг. Хойд зүг рүү харсан өрөөнд хамгийн тохиромжтой. Сүүдэр, хүйтэн, халуунд тэсвэртэй энэ ургамал нь таны тэвчээрийг ганцхан шалтгаанаар туршиж үзэх болно – энэ нь бусад ургамлаас маш удаан ургадаг.

  1. Сциндапсус (Эпипремнум) – Scindapsus (Epipremnum)

Энэ ургамал нь маш хурдан ургадаг, байнга шилжүүлэн суулгах шаардлагагүй, цэцгээ услахаа мартдаг хүмүүст тохиромжтой. Өрөөний арын гэрэл багатай хэсэгт ч сайн ургадаг.

Тасалгааны маш олон тооны ургамал байдаг, гэрэл багатай, сүүдэртэй өрөөнд ямар цэцэг, ургамлыг ургуулж болдог талаар та ингээд мэддэг болсон тул гэрийнхээ хамгийн гэрэл муутай хэсгийг ч ногоон ургамлаар чимэглээд тав тух, цэвэр агаарыг мэдрээрэй!

Орчуулсан: Х.Гэгээн

Эх сурвалж: Так Просто

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *