Ясны шөл гаргахад хамгийн тохиромжтой малын яс бол үхрийнх, тэр дундаа залуу үхрийн булуу болон тойгны яс юм. Учир нь булуу болон тойгны яс нь үхрийн хүнд жинг бүхий л амьдралынх нь турш дааж, тээж явдаг хамгийн бат бөх төдийгүй олон төрлийн амин дэм, эрдэс бодис, кальци, төмөр агуулдаг болохыг эрдэмтэд нотлосон байдаг. Булууны ясны шөл нь хий ядаргааг тайлж, тамир тэнхээ оруулахаас гадна үе мөч, хууч өвчнийг анагааж, ханиад томууг дарж, эрч хүчээр тэтгэх олон талын ашигтай юм.
Булууны ясны шөл бэлтгэх:
Булууны ясыг жижиглэн хөрөөдөөд, хүйтэн усанд хийж 3-аас 4 цаг дэвтээгээл 8-10 цаг зөөлөн гал дээр удаан буцалгах ба шөлний дээр тунасан өөх, тосыг шүүж авах хэрэгтэй. Үхрийн чөмөг, тойг, булууны яс нь хатуу нягтаршилтай, зузаан байдаг учир ийнхүү олон цаг буцалгаж байж ясны нарийн ширхэгт шингэсэн байдаг эрдэс бодисыг задладаг. Мөн их хэмжээний усанд бүтэн өдөржин буцалгасан ч болно. Ингэх тусам амт, чанар сайтай сайхан шөл гарах болно. Ясаа чанах явцдаа давс хийх хэрэггүй байдаг. Жинхэнэ өөрийнх нь амтаар гаргаж ав. 6 цагаас дээш буцлаад ирэхээрээ яс задарч, шөл нь цагаан болдог. Шөл цагаан болно гэдэг нь ясан дахь кальци болон бусад амин дэмүүд шөлөнд орж уусч байна гэсэн үг.
Үхрийн чөмөг, тойг, булууны яс нь хатуу нягтаршилтай зузаан байдаг тул олон цаг буцалгавал ясны нарийн ширхэгт шингэсэн байдаг эрдэс бодисууд нь задарна. Өрхийн хэрэглээний энгийн тогоонд дүүртэл нь ус хийж байгаад өдөржин буцалгах хэрэгтэй. Харин дээрхи тогоонд 1 цаг буцалгаад 3 цаг битүү жигнэх маягаар 2 удаа буцалгахад бүрэн задрана.
Сайн буцалгах тусам амт, чанар сайтай сайхан шөл гаргаж авна.
Бэлэн болсон шөлөө хөргөөд хэрэглэх хэмжээгээрээ бага багаар савлан хадгалж болно. Мөн хоолондоо бага багаар хэрэглэхэд эрүүл мэндэд тустай төдийгүй маш сайхан амт оруулдаг. Түүнчлэн чанасан ясаа хаялгүйгээр ахин дахин буцалгаж хэрэглэх тусам шимт бодис нь улам илүү задарч, биед хэрэгтэй кальци ялгаруулдаг.
Харин тойгны шөлийг дангаар нь чанахад цэхэр цагаан шөл гардаг бол булуу, чөмөгний шөл тос, нөц их ялгарсан цайвар бордуу шөл болдог. Олон цаг буцласан ясны шөлийг амсахад хөлс гарам сайхан амттай байх бөгөөд бүтэн сармисны хумс, давс, хар перц, сонгино, ногоон сонгино, лаврын навч хийж 20-30 минут буцалгаж амт, үнэрийг нь сайжруулна.
Зүүн өмнөд ази, Солонгос, Хятад зэрэг оронд ясны шөлөн дээр дүпү, байцаа, майлз, далайн байцаа, чинжүү хийж иддэг бөгөөд эдгээр нь эрдэс баялагийг нь улам арвижуулж өгдөг. Түүнчлэн цагаан гаа, хатаасан улаан чавгийг хийж чанахад дархлаа сайжирч, чалх сайтай болдог хэмээн үздэг.
Ясны шөлийг амтлаж, дангаар нь уухаас гадна гоймон, будаа, ногоо зэргээр хачирлан хоол хийж болно.