Охин хүүхдийн чихийг хэдэн насанд нь цоолбол зохимжтой вэ?

Охин хүүхдийн чихийг хэдэн насанд нь цоолбол зохимжтой вэ?

Охин хүүхэд гэрийнхээ бяцхан нандин гүнж нь байдаг. Түүнийг бүгд л хайрлаж, өхөөрддөг. Эмээ, ээж, эгч нар эмэгтэй хүүхдийн чихийг аль болох эрт цоолох гэдэг. Гэтэл охин хүүхдийн чихийг эрт цоолох нь зөв эсэх, мөн цоолбол хэдийд, яаж цоолбол зүйтэй байдаг юм бол?

Ингээд бид та бүхэндээ охин хүүхдийн чихийг заавал цоолох нь зөв эсэх, хүүхдийнхээ эрүүл мэндэд сөрөг үр дагавар учруулагүйгээр чихийг нь хэрхэн цоолох талаар зөвлөмж хүргэх гэж байна.

Ер нь охидын чихийг цоолох хэрэгтэй юү?

Дорнын анагаах ухаанд чихийг дан ганц сонсох үүрэгтэй сонсголын эрхтэн бус, харин ч бүх дотор эрхтний үйл ажиллагаатай нарийн холбогддог гол эрхтэн гэж үздэг байна. Чихний гэдсэнд дотор эрхтэн, системүүдтэй холбогддог маш олон тооны рефлексогеник цэгүүд байдаг. Иймд чихтэй маш болгоомжтой харьцах хэрэгтэй.

Хүний чихэн дээр ойролцоогоор 356 мэдрэлийн цэг байдаг. Чихний омог дээр л гэхэд 11 цэг байдаг, эдгээрийн дотор тархины үйл ажиллагаатай холбоотой, мөн нүд, хэл, хацар, дотоод чих, гүйлсэн булчирхайтай холбоотой цэгүүд ч бий.

Хүүхдийн бага нас бол мэдрэлийн систем, мэдрэхүйн эрхтэн, цаашлаад бүхэл бүтэн бие организм нь идэвхтэй хөгжиж буй үе гэдгийг эргэн сануулъя. Гадны иймэрхүү нөлөөллөөр хүүхдийнхээ эрхтэн системд сөрөг үр дагавар учруулж ч болзошгүй гэдгийг анхаарах нь зүйтэй.

Чихийг буруу цоолсоноос (зөв цэгийг олоход хэцүү) үүдэн эрүүл мэндэд муугаар нөлөөлж ч болох юм. Чихний дэлбээн дээр нүдний харааг хариуцдаг чухал цэг байдаг. Хэрэв тэр цэгийг гэмтээвэл хараа муудах аюултай.

Гэхдээ нөгөө талаасаа, чихийг зөв цоолж чадвал эрүүл мэндэд ч сайнаар нөлөөлөх талтай. Бид гол нь гоёл чимэглэл зүүж, биеэ чимэх зорилгоор чихээ цоолдог. Хүүхдийн бие байнга өөрчлөгдөж байдаг учир насанд хүрсэн хойно нь цоолуулбал илүү зохимжтой.

Хэрэв та нэгэнт хүүхдийнхээ чихийг цоолохоор шийдчихсэн бол зөв цэгийг нь олж цоолуулах хэрэгтэй. Хүүхдийнхээ чихийг цоолуулахдаа бүх гол цэгүүдийн байршлыг маш сайн мэддэг туршлагатай рефлексологичоор цоолуулбал илүү аюулгүй байх болно.

Одоо харшлын талаар хэдэн үг хэлье. Янз бүрийн метал эдлэлүүдэд харшилдаг хүмүүс байдаг. Алт харшил үүсгэдэггүй гэдэг ойлголт нь буруу юм. Өндөр агуулгатай алтан эдлэлд хүртэл никель агуулагддаг. Никель нь маш хүчтэй харшил үүсгэгч метал юм.

Ихэнхи тохиолдолд харшил нь арьсан дээр бага зэрэг улайх байдлаар гардаг ч зарим тохиолдолд арьсыг үрэвсүүлж, нянгын халдварт ч өртүүлдэг. Иймд ялангуяа хүүхдийн чихийг цоолуулахдаа харшил өгдөггүй зориулалтын ээмэг сонгох хэрэгтэй.

Чих цоолоход эмнэл зүйн талаас ноцтой эсрэг заалт байхгүй боловч нийтлэг ойлголттой байхыг анхааруулж байна. Аливаа үйл явцад ухаалгаар хандах хэрэгтэй, ялангуяа хүүхэдтэй холбоотой зүйл дээр. Хүүхдийн чихийг гэрийн нөхцөлд өөрөө дур мэдэн цоолж болохгүй, учир нь гэрийн орчинд чих цоолох тохиромжгүй.

Хүүхдийнхээ чих цоолох үйл ажиллагааг мэргэшсэн эмчид даатгах нь зүйтэй.

Хүүхдийн чихийг хэдийд цоолбол зохимжтой талаар мэргэжилтнүүдийн санал хуваагддаг. Тухайлбал, 3 хүртлэх насны хүүхдийн чихийг цоолохгүй байхыг эмч нар зөвлөдөг. Ингэж үзэх хэд хэдэн бүрэн үндэслэл, шалтгаанууд байдаг.

  1. Цоолуулсан чих нь халдварын эх үүсвэр болох аюултай

Хүүхдэд чихээ цоолуулсны улмаас үүссэн шархыг тэсвэрлэхэд нэлээд хэцүү байдаг. Энэ нь биед нилээд зовиуртай тул эдгэрэх хүртэл тэсвэрлэх хэрэг гардаг.

  1. Хүүхэд өөрийгөө ч гэмтээж болзошгүй

Чихэнд нь зүүсэн шинэ зүйл, өөрт нь саадтай байгаа зүйл нь хүүхдийн анхаарлыг ихээр татдаг тул түүнийг ганцааранг нь орхихгүй байх хэрэгтэй. Тоглоож байхдаа хүүхэд маш их идэвхтэй хөдөлгөөнтэй байдаг тул санамсаргүйгээр ээмэгээ мулталж болзошгүй гэдгийг ч бүү мартаарай.

  1. Цоолсон нүх хөдөлж болзошгүй

Хүүхэд өсөн томрохын хэрээр чих ч бас даган томордог. Иймээс чихний цооронхой ч бас шилжин хөдөлж гоо зүйн хувьд таагүй харагдах нь бий, ингээд чихийг дахин цоолох хэрэг болдог.

Зарим сэтгэл судлаачид нөгөө талаар охидыг 1.5 нас хүрэхээс нь өмнө нялх байхад нь чихийг нь цоолох нь зүйтэй гэж үздэг. Ийм бага насны хүүхдүүд айдасгүй, өвдөлт нь тэднийг гэмтээдэггүй гэх зэргээр шинжээчид маргалддаг байна. Гэтэл сэтгэл судлаачид охин хүүхэд өсч томроод ээмэг зүүхийг хүсэх, эсэх талаар, зүүхийг огт хүсэхгүй ч байж болох талаар огт хөндөж байгаагүй юм.

Хүүхэд бол эрх чөлөөт хүн, өөрийн гэсэн мэдрэмж, хүсэл сонирхолтой. Гэхдээ хүүхэд нялх учир үүнийгээ танд хэлж чадахгүй. Таны зөвшөөрөлгүйгээр хэн ч таны өмнөөс хүүхдийн тань чихийг цоолохгүй, иймд хүүхэддээ том болоод хэрхэх сонголтыг нь үлдээх нь зүйтэй.

Орчуулсан: Х.Гэгээн

Эх сурвалж: Так Просто

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *