Салонд хэрэглэгддэг альгинаттай маскыг гэрийн нөхцөлд бэлтгэх

Салоны эмчилгээний масканд ордог альгинатыг гэрийн нөхцөлд хэрхэн хэрэглэж арьсаа чийгшүүлж, үрчлээгээ толийлгох вэ?

Альгинаттай маскны арьсыг толийлгож, залуужуулдаг шинж чанарыг хүмүүс хэдийнэ мэддэг болжээ. Хүрэн замагнаас гаргаж авсан энэхүү бодисны гайхамшигтай шинж чанар маш их сонирхол төрүүлж байна. Энэхүү маск нь гиалуроны хүчилтэй ижил нөлөө үзүүлдэг: Арьсыг төгс чийгшүүлж, нүүрний жижиг үрчлээг толийлгож өгдөг. Үүнийг салонд төдийгүй гэрт ч ашиглах боломжтой.

Гэрийн нөхцөлд гараар хийж байгаа альгинаттай маскыг гоо сайхны салоныхтой адил гайхалтай нөлөө үзүүлдэг болгохын тулд юун түрүүнд зохих ёсоор нь бэлтгэх хэрэгтэй, хоёрдугаарт, альгинатын хүчлийн ашигтай шинж чанаруудыг ойлгосон байх хэрэгтэй. Хүрэн замаг дээр суурилсан байгалийн гаралтай бүтээгдэхүүнүүдэд яагаад арьсны гоо сайхан, залуу байдлыг хадгалдаг үнэт зүйлс байдаг талаар тайлбарлъя.

АЛЬГИНАТТАЙ НҮҮРНИЙ МАСК

Гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэрлэдэг үйлдвэрүүд нэг л шалтгаантайгаар альгинатыг сонгосон байж таараа. Тэрхүү гэм хоргүй бодисуудад нь нүүрний арьсны эрүүл мэнд болоод гоо сайхныг тэтгэдэг бүх шинж чанарууд байдаг. Үүнээс гадна альгинатийн химийн шинж чанар нь бүх төрлийн масканд ямар ч асуудалгүй зохицдог.

Ихэвчлэн Япон тэнгисийн замагнаас гаргаж авсан альгинатыг маск хийхэд ашигладаг. Эндэхийн замаг маш хямд, олдоц нь элбэг байх төдийгүй гоо сайхны бүтээгдэхүүнд нэмэлтээр хийхэд зохимжтой ямар ч үнэргүй байдаг байна. Альгинатыг устай хольж чийглэг, тэжээллэг, эрдэс бодисоор баялаг гель маягийн зүйл болгодог.

АЛЬГИНАТТАЙ МАСКНЫ ШИНЖ ЧАНАР

  1. Альгинатын хүчил нь усыг маш сайн шингээдэг учир түрхсэн газрынхаа арьсанд маш сайн эрчимтэй чийгшлийг өгдөг.
  2. Альгинаттай маскыг нүүрэн дээрээ зузаан түрхэж өгөхөд арьсанд илт мэдэгдэхүйц өргөх нөлөө үзүүлэхээс гадна, арьсыг чангалж, нүүрний жижиг үрчлээг ч толийлгож өгдөг.
  3. Үүнээс гадна, альгинатын хүчил нь арьсны нөсөөжилт болон батгажилтаас салахад тань тусална.
  4. Альгинаттай маск тавихаас 5-7 минутын өмнө тэжээлийн юмуу хөгшрөлтийн эсрэг ийлдэс түрхвэл үр дүн нь илүү байх болно.

МАСКНЫ ҮЙЛДВЭРЛЭЛ: ТӨРӨЛ БА ШИНЖ ЧАНАР

  1. Үндсэн маск

Зөвхөн альгинат, эрдэс ус л бий, өөр юу ч байхгүй! Энэхүү маск нь арьсыг чийгшүүлэхээс гадна хөгшрөлт явагдаж байгаа арьсыг залуужуулдаг.

  1. Коллагентай маск

Үндсэн масктай яг ижил, гэхдээ үүн дээр нэмэлтээр коллаген оруулж өгсөн. Энэ маск нь чийгшүүлэх, өргөх, залуужуулах, үрчлээтэй тэмцэх нөлөө үзүүлдэг.

  1. Хитозантай маск

Хуурай арьсны жинхэнэ аврагч! Хитозантай альгинатны маскыг тогтмол хэрэглэвэл арьс чийглэг, чанга болохоос гадна арьсны нөхөн төлжих процесс ч идэвхждэг, мөн бусад гоо сайхны бүтээгдэхүүний идэвхитэй бодисуудыг ч арьсанд нэвчихэд нь илүү сайн дэмжиж өгдөг байна.

  1. Аскорбины хүчилтэй маск

Аскорбины хүчил агуулсан суурь маск нь жижиг нарийн үрчлээнүүдийг арилгах төдийгүй янз бүрийн шалтгаанаар үүссэн пигмент толбыг ч арилгадаг.

  1. Ургамлын маск

Ургамлын маскыг алтан товч цэцэг, алое, ногоон цайны ургамал, цагаан гаа зэрэг янз бүрийн ургамлыг ашиглан үйлдвэрлэдэг. Альгины хүчилтэй ургамлын маск олдоц сайтайгаас гадна бүх хүнд тохиромжтой байдаг. Альгины хүчилтэй ургамлын маск нь нүүр, хүзүү, цээжний арьсанд тэжээл өгч чийгшүүлэн, толигор болгодог.

ГЭРИЙН НӨХЦӨЛД ХЭРХЭН ХЭРЭГЛЭХ

  1. Эхний шат – Арьсаа бэлтгэнэ

Арьсныхаа бохирдлыг гоо сайхны сүүн цэвэрлэгч юмуу нүүрны будаг арилгагч шингэнээр цэвэрлээрэй. Хөмсөг сормуусандаа маск наалдуулахгүйн тулд тосоор тосолж өгөөд, толгойндоо нэг удаагийн малгай өмсөөрэй.

Нүүр, хүзүү, цээжний арьсаа цэвэрлэхдээ давхар нөлөө үзүүлэхүйц идэвхитэй бодисууд (серум, крем, тос) түрхэж өгөөрэй. Альгинаттай маск нь арьсны бүх давхаргад идэвхитэй бодисуудын нэвчих хурдыг нэмэгдүүлж, үр дүнг нь илүү гайхалтай болгодог.

  1. Хоёр дахь шат – Маскаа бэлтгэж, түрхэнэ

Серум, тосыг бүрэн шингэсний дараа бэлтгэсэн маскаа түрхээрэй. Арьс цэвэрхэн, маск түрхэхэд бэлэн болсон бол гель хэлбэрийн маскийг хусуураар арьсан дээрээ түрхэж өгнө. Гэхдээ хэрэв та нунтаг маск хэрэглэх гэж байгаа бол шингэнийг 1 : 1 харьцаагаар хольж өтгөн цөцгий шиг зуурмаг болгох хэрэгтэй.

Альгинаттай маскыг яаж хэрэглэх: Нүүрны арьсыг бүрэн амрааж, толгойг арагш нь гэдийлгэсэн байна. Маскийг нүүр, хүзүү, цээжинд бүхэлд нь түрхэнэ, зовхи, хөмсөг, урууланд ч тэр.

  1. Гурав дахь шат – Цэвэрлэх

Уг процедур 20-30 минут үргэлжилнэ, хэрэв та гэртээ ганцаараа байгаа бол маск авах цагаа мэдэх боломжгүй тул урьдчилан сэрүүлэг тавихыг зөвлөж байна. Маск нь 5-7 минутын дотор л зузаан резинэн бүтэцтэй болчихно, үүний дараагаар 20-30 минут байлгаад эрүүнээсээ эхлэн болгоомжтой хуулна. Энэ процедурын дараа маскны үлдэгдэлийг арилгаж, нүүрээ тоникоор арчаад ердийн тос түрхээрэй.

Альгинаттай маск бэлтгэх, хэрэглэх дүрмийг дагаж мөрдөн, эмчилгээний 5 маск тавьсаны дараа танд эерэг өөрчлөлтүүд анзаарагдаж эхлэх болно, 10-ыг тавьсанаас хойш таны арьс гэрэлтэж байгааг бусад хүмүүс хараад гайхшрах болно!

Альгинатын залуужуулах процедурын гайхмаар, ер бусын үр нөлөөг цаг хугацаа л харуулдаг. Хамгийн гол нь арьсныхаа онцлогт тааруулан маскаа зөв сонгож зааврын дагуу түрхэх явдал чухал байдаг.

Орчуулсан: Х.Гэгээн

Эх сурвалж: Так Просто

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *