Бамбай булчирхай: Дотоод шүүрлийн эрхтэний үйл ажиллагааг сэргээхэд нэн тустай 5 дасгал.
Бамбай булчирхайн өвчлөл удамшдаг талтайг эмч нар анхааруулдаг. Бамбайн хордлоготой хүнд сэтгэл санаагаар хямрах, бухимдах, байнга өтгөн нь хатах, үс нь унах зэрэг шинж тэмдэг ажиглагддаг.
БАМБАЙ БУЛЧИРХАЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ АЛДАГДАЛ
Дотоод шүүрлийн эмч нар бамбайн булчирхайн үйл ажиллагааг сэргээхэд тустай иогийн тусгай асана дасгалуудыг хийж байхыг зөвлөх болсон.
Дотоод шүүрлийн гол эрхтэн системийг бэхжүүлэхэд хамгийн сайн үр нөлөө үзүүлдэг дараах 5 төрлийн иогийн дасгалыг 2 сарын турш өдөр алгасалгүй хийгээд үзээрэй. Маш тустай юм шүү.
Матсиасана / Matsiasana
Энэ иогийн дасгал нь дан ганц бамбай булчирхай болоод паратироид булчирхайгаар зогсохгүй дотоод шүүрлийн системийг ч идэвхжүүлдэг дасгалуудын нэг юм. Энэ дасгалыг нуруугаараа хэвтэж байгаад хийх ёстой. Өвдөгөө нугалаад хөлөө улаар нь шалан дээр тулж байгаад гараа өгзөгнийхөө доогуур гулсуулаарай.
Дараа нь та амьсгалаа аваад, хоёр далны үзүүрээ нийлүүлээд биеийнхээ дээд хэсгийг өргөж өгөөрэй. Дараагийн алхамд толгойгоо арагш нь хаяж өгнө. Энэ байрлалтайгаар 15-30 секундын турш удаан байх хэрэгтэй.
Уштрасана / Ushtrasana
Энэхүү асана нь бамбай булчирхай болон бэлгийн булчирхайн үйл ажиллагааг сайжруулахад нэн тустай. Мөн нурууны муруйлт болоод бэлэг эрхтэн тогтолцооны эмгэгт ч бас тустай юм.
Дасгалыг аль болох зөв, үр дүнтэй гүйцэтгэхийн тулд өвдөглөж сууж байгаад хийнэ, хөлөө сүүжнийхээ өргөний хэмжээтэй байрлуулаад шал руу хөлийнхөө улаар тулж өгөөрэй. Дараа нь нуруугаа арагш гэдийлгээд, өсгийн дээрээ гараараа тулж байгаад толгойгоо хойш нь гэдийлгэнэ. Ийм байрлалтайгаар 30 секундын турш жигд амьсгалахыг хичээгээрэй.
Бхуджангасана / Bhujangasana
Бхуджангасана буюу кобра байрлал нь хүний дааврын тогтолцоонд маш хүчтэй нөлөө үзүүлдэг. Энэ нь бөөрний булчирхайн үйл ажиллагааг идэвхжүүлж, бэлэг эрхтний үйл ажиллагаанд эерэг нөлөө үзүүлдэг байна. Эртний домогт өгүүлсэнээр, Бхуджангасанаг хүний дотоод галыг дүрэлзүүлж, Кундалинийн хүчийг сэрээдэг гэж үздэг байна.
Энэхүү асанаг зөв хийхийн тулд шалан дээр доош харж хэвтээд, гараараа тулж цээжээ өргөхдөө хөлийнхөө өлмийгөөр шал руу тулж өгөх хэрэгтэй. Дараа нь гарын алгаа шалан дээр тулсан хэвээр биеэ аажмаар дээшлүүл. Толгойгоо арагш гэдийлгэсэн энэ байрлалд хэд хэд амьсгалаарай.
Сарвангасана / Sarvangasana
Энэхүү асана нь амьсгалын замын өвчтэй хүмүүст онцгой үр дүнтэй байдаг. Мөн энэ лаан байрлалыг дотоод шүүрлийн булчирхайд маш сайн гэж үздэг.
Энэхүү сонгодог дасгалыг гүйцэтгэхдээ нуруугаараа хэвтээд хөлөө гэдэс рүүгээ татна. Дараа нь аарцагаа шалнаас дээш болгож алгаараа тулаад хөлөө дээш нь сунгаж өгөөрэй. Энэхүү асанагийн үргэлжлэх хугацаа 5 минут байна.
Халасана / Halasana
Халасана, буюу анжис байрлал нь бие махбодийн мэдрэлийн системийг бэхжүүлж, залуужуулах нөлөө үзүүлдэг. Энэ асана нь өнчин тархины төдийгүй дотоод шүүрлийн булчирхайг идэвхжүүлж өдөөж өгдөг.
Дасгалыг зөв хийхийн тулд нуруугаараа хэвтээд, толгойныхоо дээр гараа сунгаарай. Дараа нь амьсгалаа гаргаад гараа оролцуулахгүйгээр өвдөгөө цээж рүүгээ татаж хөлөө толгойноосоо дээш сунгаж байрлуулна. Хөлнийхөө үзүүрийг гараараа бариад дор хаяж 1 минут ийм байрлалд байх ёстой шүү.
Энэхүү анагаах увидастай дасгалын дэлгэрэнгүйг дараах дүрс бичлэгээс үзээрэй! https://youtu.be/8_MwPWd33ng
Эсрэг заалт: Энэ дасгалуудыг гипертиреоз буюу бамбайн хордлоготой, нуруу нугасны өвчтэй, өвдөгний гэмтэлтэй, даралт ихтэй бас даралт багатай хүмүүс хийхийг хориглодог, эсрэг заалттай гэдгийг анхаараарай.
Эрхэм танд болон таны хайртай дотны хүмүүст эрүүл энхийг хүсье!
Орчуулсан: Х.Гэгээн
Эх сурвалж: Так Просто