Миом гэж юу вэ? Энэ нь хортой хавдар биш юм!

Миома гэж юу вэ? энэ талаар эмч нь та бүхэнд мэргэжлийн хүний зөвлөгөө өгье, учир нь манай нийгэмд өнөөдөр маш их ташаа ойлголтууд байх ба түүнээсээ болж хэн нэгэн мэргэжлийн бус хүмүүсийн бизнесийн золиос болоод байгааг анзаарсан тул та бүхэндээ тус болох үүднээс доорх мэдээллийг орууллаа. Цааш нь түгээж олон хүнд тус болоорой.

1. Миом гэж юу вэ? умайн булчинд буюу саванд байрлах хоргүй хавдрын зангилаа. Энэ нь хортой хавдар биш юм!

2. Миома буюу саванд зангилаат үүсвэр бий болсон үед ямар зовиур илрэх вэ? хэмжээ, байрлал зэргээсээ шалтгаалж өтгөн хатах, ууц нуруу өвдөх, шээс ойр ойрхон хүрэх, бэлгийн харьцааны үед өвдөх, сарын тэмдэг их хэмжээтэй ирэх,сарын тэмдэг маш их хэмжээтэй ирдэг болсноор цус багадалт үүсэх, сарын тэмдгийн бус үед үтрээнээс цус, цусархаг, салсархаг ялгадас гарах, байнга доошоо хэвийн бус ялгадас гарах зэрэг шинжүүд илэрнэ.Гэхдээ зарим эмэгтэйд ямар нэгэн зовиур шинж тэмдэг өгөхгүй байх тохиолдол байдаг.

3. Жирэмслэлт, төрөлтөнд нөлөөтэй юу? умайн хаана байрлаж байгаагаас шалтгаална. Заримдаа зулбалт, дутуу төрөлтийн шалтгаан болдог, энэ нь хэмжээ байрлалаас нь мөн хамаарна. Үргүйдлийн 3% умайн фибройд буюу миома-наас болдог судалгаа бий.

4.Удамших уу? Судалгаагаар генетик нөлөөтэй нь батлагдсан ч миоматай ээж бүрийн охид умайн хоргүй хавдартай болно гэсэн үг биш бөгөөд дээрх өөрчлөлт бий болох эрсдэл бусад хүнээс 3 дахин их байдаг нь MED12 уурагтай холбоотой байна.

5. Ангилал? Байрлалаар нь ангилах ба булчингийн давхарга доторх, гадагшаа түрж ургасан, дотогшоо буюу салст давхарга руу түрж ургасан, мөн хөлтэй, болон умайн дугуй холбоос дээр ургасан гэх мэтээр ангилах ба хэмжээ нь хир том байх, дээрхи байрлалуудын алинд байгаагаас шалтгаалж зовиур өөр өөр байна.Зарим том хэмжээтэй салст давхарга руу ургасан зангилаа умайн хүзүүгээр цухуйж үтрээрүү гарч ирсэн байдаг.

6.Үүсэх шалтгаан юу вэ? Олон шалтгааны улмаас үүсдэг ч одоо хир нь судлагдсаар байгаа. Жирэмснээс хамгаалах эмийн замбараагүй хэрэглээ, чихрийн шижин зэрэг дотоод шүүрлийн өөрчлөлтүүд, даралт ихдэх өвчин, таргалалт, нөхөн үржихүйн насандаа хүүхэд төрүүлээгүй байх зэрэг олон шалтгаан бий.

7. Оношилгоо? Эход харж оношилно.Шаардлагатай бол нэмэлт шинжилгээг эмч төлөвлөж болно./ MRI, CT гэх мэт/

8. Эмчилгээ? эмийн эмчилгээ, мэс заслын эмчилгээ, умайн артерыг бөглөх эмчилгээ, умай тайрах гэх мэт эмчилгээнүүд байх ба аль эмчилгээг хйихийг эмч тухайн өвчтөнд тохируулан сонгоно.

9. Ямар нэг биологийн нэмэлт бүтээгдэхүүн, ямар нэг “шидэт” үрэл хэзээ ч эмчлэхгүй!!! гэдгийг дахин сануулан хэлье. Тиймээс хэн нэгний зөвлөгөөгөөр, эмчийн зөвлөөгүй эмчилгээг хийлгэхийг хатуу хориглоно!! Үтрээгээр доошоо хайлаад, урсаад гараад ирдэг зүйл огт биш гэдгийг дахин дахин сануулъя.

10. Ихэнхи тохиолдолд эмэгтэйчүүдийн эмчийн хяналтандаа тогтмол үзүүлээд, эход хэмжээг нь болон эмнэлзүйн шинж тэмдэг, зовиураа хянуулаад яваад байж болно.

“Medcare” эмнэлгийн эмч Б.Золбоо

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *