Эмэгтэйчүүдийн талаарх ямар оношлогоонд итгэж болохгүй вэ?

Ямар ч эмэгтэй хүнийг айлгадаг зүйлийн нэг бол эмэгтэйчүүдийн өвчин юм. Эмэгтэйчүүдийн эмчид очсон эмэгтэйчүүд ихэнхидээ сэтгэлийн түгшүүр, шаналалтай болдог. Хэрэв эмч ямар нэг зүйл буруу байна гэвэл эмэгтэй хүн өвчнөөсөө салахын тулд бүх мөнгөө ч өгөхөд бэлэн байдаг. Гэтэл эмэгтэйчүүдийн эмч нарын оношлогоонд бүрэн итгэж болох уу?

Зарим оношлогоо нь эмэгтэйчүүдэд айдас, түгшүүр төрүүлдэг ч үнэн хэрэгтээ тэр оношлогоо нь ямар ч аюулгүй, зарим нь огт байхгүй ч байх нь бий.

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ӨВЧИН

Умайн хүзүүний шархлаа

Зөвхөн Зөвлөлтийн Орнуудад байдаг онош. Дэлхий дахинд эмч нар физиологийн онцгой нөхцөл байдлаас шалтгаалан умайн хүзүүнд гарч буй өөрчлөлтийг хэвийн байж болох өөрчлөлт гэж үзэх болжээ. Мөн шархлаа нь өөр бусад өвчний шинж тэмдэг байж болох төдийгүй өөрийн нь онош  биш байж ч болох юм.

Энэ өвчний үед эмч нар HPV (хүний ​​папилломавирус) -ийг оношлохыг эрмэлздэг. HPV-г оношилж эмчлэхгүйгээр эмэгтэйд ямар ч үнэтэй эмчилгээ хийгээд ч үр дүнгүй байдаг.

Өндгөвчний архаг үрэвсэл

Энэ бол надад өөрт маань тохиолдож тогтоогдсон онош юм. Аймшигтай сонсогдож байгаа биз? Надад ч тэгж санагдсан. Би эмчдээ итгээд жагсааж бичсэн эмнүүдийг нь бүгдийг нь худалдаж аваад, хүчтэй антибиотикуудыг цөмийг нь уусан. Ууж дуусаад хэт авиан шинжилгээ хийлгэхэд  өндгөвчний үрэвсэл огт байгаагүй болох нь тогтоогдсон юм даа.

Үүгээр юуг хэлэх гээд байна вэ гэхээр, шаардлагатай бүх шинжилгээг хийлгэхгүйгээр ийм оношид итгэж болохгүй гэдгийг анхааруулах гэсэн юм. Ихэнхи тохиолдолд хэвлийн доод хэсгээр өвдлөө гэхэд эмч нар ийм онош гаргадаг. Гэтэл энэ нь үрэвсэл бий эсэхийг тогтооход хангалтгүй юм. Өөр бусад өвчний шинж тэмдэг ч байж болох юм. Үрэвслийг үндсэн шалтгаантай нь хамтад нь эмчлэх ёстой байдаг.

Уреаплазмоз

Уреаплазмоз бол эмэгтэйчүүдийн ертөнцөд төрсөн өөр нэг домогт “амьтад” юм. Ureaplasma parvum болон Ureaplasma urealyticum бактериуд нь ихэвчлэн хор, аюулгүй байдаг тул сарын тэмдгийн мөчлөгт, үр тогтолт, жирэмслэлтэд нөлөөлдөггүй. Уреаплазмууд нь үрэвслийн процесст оролцож болно, энэ нь ихэвчлэн шээс, давсаганд нөлөөлж, давсагны үрэвсэл, цистит үүсгэдэг.

Уреаплазмоз нь тусдаа бие даан өвчин үүсгэдэггүй: Одоогоор түрхэцээр уреаплазма илрүүлэгдсэн ч ямар нэгэн өвчний шинж тэмдэг ажиглагдаагүй л байна. Энэ нь ердийн микрофлорын нэг хэсэгт тооцогддог, гэтэл эмч нар нэмэлт шинжилгээ хийлгүйгээр уреаплазмыг биеэс зайлуулахыг хичээдэг. Чухам яагаад тэгдэг юм бол?

Микоплазмоз

Үнэн хэрэгтээ энэ бол хэт ерөнхий онош юм. Ерөнхийдөө бол, нөхөн үржихүйн системтэй холбоотой хоёр төрлийн микоплазмууд байдаг: Mycoplasma genitalium болон Mycoplasma hominis гэж. Эхнийх нь бэлгийн замаар дамжин халдварладаг. Энэ тохиолдолд өвөрмөц бус шинж тэмдгүүд (бэлгийн харьцааны үед өвдөх, ердийн бус ялгадас гарах гэх мэт) ажиглагдах ба зохих эмчилгээ ч шаардагддаг.

Түрхэцийг зөвхөн PCR-аар шинжилж байж л энэ төрлийн микоплазмыг илрүүлэх боломжтой. Бусад аргууд нь микоплазмын байгаа эсэхийг харуулж чадахгүй тул та тэдгээр шинжилгээнд итгэж болохгүй. Танд микоплазмоз байна гэж шинжилгээ өгүүлэхгүйгээр хэлж байгаа эмчид бас итгэх хэрэггүй.

Хоёр дахь микоплазм бол микрофлорын ердийн “оршин суугч” юм. Хэвийн дархлаатай эрүүл эмэгтэйд энэ микроплазм нь ямар ч үрэвслийн процесс үүсгэдэггүй. Энэ бактери нь маш ховор тохиолдолд үрэвсэлт өвчинд хүргэдэг бөгөөд ихэнхдээ дархлаа суларсан эсвэл ноцтой өвчний тохиолдолд л аюул учруулдаг байна.

Гэхдээ түрхэцээс энэ төрлийн микоплазма илэрвэл эмгэг байна гэж үзэхгүй. Тааламжгүй шинж тэмдэг байхгүй тохиолдолд цааш нь үзлэг, эмчилгээ хийх шаардлагагүй.

Гарднереллёз

Гарднерелла вагиналис нь биенд тайван амьдардаг бактери бөгөөд дэлхийн эмэгтэйчүүдийн бараг тал хувьд нь илэрдэг. Өөр нэг өвчин болох вагиноз нь энэхүү тайван бактерийн “нэрийг хугалж” байдаг. Энэ нь үтрээний микрофлорын тэнцвэртэй байдлыг алдагдуулж лактобациллийн тоог бууруулж, бусад бактерийн тоог нэмэгдүүлдэг байна.

Энэ өвчний шалтгааныг хараахан гүйцэд судлаагүй байгаа ч гардернелла бол энэ өвчний явцад нөлөөлдөггүй нь гарцаагүй юм. Зөв онош нь бол бактерийн гаралтай вагиноз болох магадлал бий, иймд эмчилгээг зөвхөн гарднеллад төдийгүй бусад хүрээний бактерт ч бүхэлд нь чиглүүлэх хэрэгтэй.

Харамсалтай нь зөв оношийг тавихаас илүүтэйгээр зөвхөн мөнгө авахыг хичээдэг эмч нар олон  болжээ. Ийм хүмүүсээс болж олон эмэгтэй хий айдаст автдаг. Хэрэв та эмчээс эдгээр эргэлзээтэй оношны аль нэгийг сонсож байсан өөр нарийн мэргэжлийн эмчид хандаад үзээрэй.

Өвчнийг эмчлэхээс илүүтэй урьдчилан сэргийлэх нь хавьгүй дээр гэдгийг та сайн мэдэж байгаа. Тиймээс та янз бүрийн халдвар, бусад таагүй өвчнөөс өөрийгөө хамгаалая гэвэл нандин эрхтэнийхээ эрүүл ахуйдаа анхааралтай хандах хэрэгтэй шүү!

Орчуулсан: Х.Гэгээн

Эх сурвалж: Так Просто

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *