Байгалийн гаралтай 7 шилдэг туулга

Чи туулгах эм хэрэглэдэг үү? Туулгах эм, ханиадны эм, өвчин намдаах эм гурав аптекуудын хамгийн өндөр борлуулалттай эмийн жагсаалтыг тэргүүлдэг гэж хэлж болно. Ялангуяа сүүлийн үед хөдөлгөөний дутагдал, хооллолтын буруу зуршил, нойргүйдэл, стресс зэргээс болоод хүмүүсийн 30-40 хувь нь өтгөн хаталтын асуудалтай байх болсон.

Мөн илүүдэл жингээ хаяхыг хүссэн бүсгүйчүүд ч бас гэдсээ цэвэрлэх зорилгоор туулгах эмийг тогтмол цүнхэлж явах нь элбэг үзэгдэх болжээ. Гэхдээ ямар ч “эм”-ийн адил туулгах эмийг ойр ойрхон хэрэглэх нь өөрийн гэсэн сөрөг нөлөөтэй.

Туулгах эмийн тогтмол хэрэглээнээс үүдэх зарим сөрөг нөлөөнүүд бол:

  • шингэний алдагдал/ дутагдал
  • электролитийн тэнцвэрийн алдагдал
  • хүчил шүлтийн тэнцвэрийн алдагдал
  • хоол боловсруулагч энзим ялгаруулах чадвар муудах
  • толгой эргэх
  • бүдүүн гэдэс гэмтэх
  • хоол шингээх чадвар алдагдах
  • өтгөн харин ч илүү их хатдаг болох
  • зүрх судасны үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх
  • зарим нэг шим тэжээлийн дутагдал
  • жингийн илүүдэл эсвэл дутагдалд хүргэх г.м

Тэгвэл бид биеэ байгалийн аргаар яаж хоргүйжүүлж, цэвэрлэж болох вэ? 

Бидний бие өөрөө өөрсдийгөө цэвэрлэж, хоргүйжүүлэх гайхамшигт чадвартай юм. Бид өөрсдөө л түүнийг зөв шим тэжээл, хангалттай хэмжээний шингэнээр хангаж өгөх ёстой. Ус бага ууж, амин дэм, эрдэс бодисоор баялаг бус хүнсийг тогтмол хэрэглэвэл хоол боловсруулах зам хуурайшиж, элэг, бөөр гэх мэт детокс хийдэг гол эрхтнүүд удааширч, үр дүнд нь бидний биед хорт бодис их хэмжээгээр цуглардаг.

Долоо хоногт доод тал нь 3 болон түүнээс дээш удаа 00 орох нь хэвийн үзэгдэл гэж эмч нар үздэг. Биеэ хоргүйжүүлэн, өтгөн хаталтаас салахыг хүсэж байгаа хүн бүр эхлээд өдөрт 25-40 гр эслэгтэй хоол хүнс хэрэглэх нь зүйтэй юм. Гэхдээ “эслэгээр баялаг” гэсэн бичигтэй шоколадтай амттан, шейк, смүүти, шүүс, цай зэрэг нь синтетик эслэгийн агууламжтай тул тийм ч үр дүнтэй биш байж магадгүй. Тиймээс хамгийн чухал нь жинхэнэ, байгаль дээр ургадаг, оршдог хоол хүнсийг идэхийг эрхэмлээрэй.

Байгалийн гаралтай 7 шилдэг туулга бол: 

1. Чиа Үр

Чиа Үрийг эрүүл хооллолтыг эрхэмлэгчид, фитнессээр хичээллэгч бүсгүйчүүд сүүлийн үед өргөнөөр хэрэглэх болсон. Учир нь энэ төрлийн үр нь шингэнтэй урвалд орохоороо цэлцгэнүүр маягийн хэлбэртэй болж, гэдсээр дамжих замдаа тааралдсан илүүдэл бодисуудыг хөөж гаргах үйлчилгээг үзүүлдэг юм. Тиймээс смүүти, овьёосны хоол, шүүс зэрэгтээ чиа үрийг хийж ууж байгаарай. Жич: Facebook дэх “Эрүүл амьдралын хөтөч” дэлгүүрт худалдаалагдаж байсан.

2. Зуун наст

Зуун наст нь хамгийн их судлагдсан бөгөөд түгээмэл хэрэглэгддэг туулгах үйлчилгээтэй бүтээгдэхүүн юм. Зуун наст нь өөртөө олон төрлийн энзим, витамин, эрдэс бодис, электролитүүдийг багтаасан бөгөөд үүгээрээ ходоод гэдэсний үйл ажиллагааг давхар дэмжиж, эрүүлжүүлж, эдгээдэг шинж чанартай.

Жишээ нь, зуун настад агуулагдах anthraquinone хэмээх бодис нь бүдүүн гэдэсний усны хэмжээг нэмэгдүүлж, салсны ялгаралтыг өсгөж, өтгөнийг гулгамтгай болгохоос гадна булчинг агшаан доторх илүүдлийг хөөдөг.

Мөн зуун наст нь үрэвслийн эсрэг үйлчилгээтэй бөгөөд ходоодны хүчил шүлтийн тэнцвэрийг хадгалж, мөөгөнцөрийг бууруулж, ашигтай нянгийн өсөлтийг дэмждэг нэмэлт сайн талуудтай. Хэрэглэхгүй байхын аргагүй байгаа биз дээ?
Чи зуун настын хандтай гел, шүүсийг ууж эсвэл таримал зуун настыг өөрөө хандалж юм уу шууд хальслан хэрчиж хэрэглэж ч болно.

3. Гүнжидийн үр

Гүнжидийн үр нь эслэгээр баялаг учраас өтгөн хаталтын эсрэг өндөр нөлөөтэй. Бараг л амтгүй шахуу тул өөрийн идэж, ууж буй бүх хоол хүнсэндээ хольж идэх боломжтой гэдгээрээ давуу. Гэхдээ маш их хэмжээний эслэг авах үедээ давхар их хэмжээний шингэн уух хэрэгтэй гэдгээ санаарай. Тэгэлгүйгээр дангаар нь эслэг өндөртэй бүтээгдэхүүн хэрэглээд байвал их хэмжээний хий алдахаас биш хүндрэхгүй байх магадлал өндөр.

4. Навчит ногоон ургамал

Навчит ногоон ургамлууд нь эслэгээс гадна давхар магниар баялаг гэдгээрээ давуу талтай. Насанд хүрэгсэд магнийн дутагдалд өртөх нь элбэг бөгөөд үүнээсээ болоод өтгөн хатах ч тохиолдол байдаг. Магни бол өтгөнийг аюулгүй аргаар зөөллөж, гэдсэнд шингэнийг зөөвөрлөдөг электролит эрдэс бодис юм.

5. Пробиотик хүнс

Пробиотик бол бидний бие дэх ашигтай бактериуд юм. Эдгээр бактери нь ходоод гэдсэнд эрүүл орчныг бүрдүүлж, үйл ажиллагааг нь тогтмол хэвийн болгодог ач тустай. Пробиотик хүнсэнд тараг, бифидо тараг, кимчи, мисо зэрэг бүтээгдэхүүн багтана.

6. Эслэг өндөртэй жимснүүд

Өдөр болгон тодорхой хэмжээгээр жимс идэж хэвшсэн хүний өтгөн цугларч, хатах нь маш ховор үзэгдэл. Бүх л жимс нь ус, эслэгээр баялаг бөгөөд давхар антиоксидантыг агуулдаг учраас ходоод гэдэсний системээр чөлөөтэй “аялаж”, биеийг хоргүйжүүлдэг. Алим, чавга, лийр, бөөрөлзгөнө, гүзээлзгэнэ, нэрс зэрэг жимснүүд онцгой сайн нөлөөтэй. Мөн алимны цууг тогтмол хэрэглэсэн ч болно.

7. Кокосны ус

Кокосны ус нь маш олон ач тустай. Наад зах нь усыг дангаар нь ууж сураагүй хүмүүс кокосны усаас эхэлж болно. Мөн биеийн электролитийн тэнцвэрийг хадгалж, шээсний замыг цэвэрлэдэг бөгөөд хамгийн гол нь өтгөнийг шингэлдэг үйлчилгээтэй юм. Зарим хүн хэт ихийг уусны дараа гүйлгэх хандлагатай байдаг тул багаар уугаарай.

Дээрх 7 төрлийн хүнсийг өглөө, өдөр, оройдоо тогтмол хэрэглэвэл “тэр тал дээр” ямар ч асуудалгүй болно. Мөн яваандаа бие хөнгөрч, жин хасагдаж, арьс гэрэлтэж, дотроосоо эрүүлжих боломжтой юм. Ямар нэг үнэтэй, химийн гаралтай, боловсруулсан бүтээгдэхүүн авч мөнгөө үрэхийн оронд зүгээр л дээрх 7 хүнсийг 3 сарын турш байнга хэрэглээд үз.

Эх сурвалж: goolingoo.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Please reload

Please Wait