НЯРАЙН нулимсны сувгийн БИТҮҮРЭЛ АРИЛГАХ ҮР ДҮНТЭЙ иллэг

Нярайн нулимсны замын битүүрэл: Нулимсны сувгийн битүүрэл нь 0 – 6 сартай нярай хүүхдэд түгээмэл тохиолддог өвчин юм. Нярай хүүхдийн нүднээс байнга нуух гоожих хэд хэдэн шалтгаан байдаг. Хамгийн элбэг тохиолддог нь нулимсны замын төрөлхийн битүүрэл. Энэ нь хамар нулимсны сувгийн доод амсар буюу төгсгөл хэсэг төрөлхийн хаалттай байснаас шалтгаалан үүсдэг. Эхийн хэвлийд байгаа ургийн нулимсны сувгийн доод амсар нимгэн хальсаар хаалттай буюу салслаг зүйлээр дүүрсэн байх бөгөөд төрөхийн өмнөхөн шимэгдэж алга болдог ч зарим тохиолдолд шимэгдэлгүй үлдэх нь бий. Энэ төгсгөл хэсэг нь Хаснэрийн мембран гэж маш нимгэхэн мембранаар хучаатай байдаг. Төрөхийн өмнө болон төрөх явцад хүүхэд уйлах үед энэ мембран дээр үүсч байгаа даралтын зөрөөгөөр хальс нь цоорох ёстой байдаг. Нулимсны булчирхайнаас гарч буй нулимс нь хамар, нулимсныхаа хүүдий, сувгаараа дамжаад гардаг замтай байх ёстой. Эхийнхээ хэвлийд байхад энэ нь зузаан байх ч юмуу эсвэл даралтын зөрөө сайн үүсч чадаагүйгээс болоод энэ мембран цоорч, шимэгдэж чадалгүй нулимсны гардаг хэсэг нь битүү хэвээр үлдчихдэг. Тэгэхээр төрсний дараа нүдний булчирхай ажиллаад булчирхайнаас нулимс ялгарч эхлэдэг, гэтэл нулимсны гардаг зам нь битүү бол нулимсны хүүдий дотор нулимс нь хуримтлагдаж эхлэдэг байна. Ингээд их хуримтлагдаад ирэхээрээ нулимс гадагшаагаа цийлэгнэж эхлэнэ, ер нь бол савнаасаа хальж эхлэж байна гэсэн үг. Энэ нь ингэж удаан хүүдий дотроо хуримтлагдахаар бактерийн халдвар амархан авч, нуух буюу идээ болдог.

Эмчилгээ: Эмчилгээний хамгийн чухал үндэс бол хаалттай байгаа хамар,

нулимсны төгсгөл хэсгийн мембраныг цооллох юм. Ингэхийн тулд эхний ээлжинд маш сайн массаж хийж өгөх ёстой.  Нулимсны хүүдийд дээрээс доош чиглэлтэй иллэг хийснээр хамар, нулимсны суваг буюу хүдий дотор байгаа нулимсыг доош нь шахах, битүү байгаа хальсан дээр даралтын зөрүү үүсгэж өгөх явдал юм. Үүний үр дүнд нулимсны хүүдийд хуримтлагдсан нулимс болон идээ хүндийн жингээр доошилж, битүү байгаа мембран цоорч, доод амсар нээгдэн нулимс гадагшлах зам үүсдэг байна. Хамарт сувгийн дагуу массаж маш сайн хийж өгөх хэрэгтэй. Массаж нь үр дүн маш өндөртэй. Массажыг зохих зааварын дагуу зөв, сайн хийвэл нуух, нулимс гарах зовиур 80-90 хувьтай эдгэрдэг.

Идээт үрэвсэл явагдаж байгаа тохиолдолд эмийн эмчилгээ хийнэ. Мөн энэ нь нулимсны замын төрөлхийн гажиг, нүүрний ясны гаж болон дутмаг хөгжлөөс шалтгаалж болох учир массажийг сайтар хийгээд шинж тэмдэг намдахгүй, нулимс гарах явдал ихсэх, үрэвсэл хурцдах юм бол мэргэжлийн эмчид хандаж, бактериологийн шинжилгээ өгөх хэрэгтэй. Шинжилгээгээр нуухыг ямар бактериар үүсгэгдэж байгааг, ямар эмэнд тэсвэртэй, эсвэл тэсвэргүй байхыг, ямар эмийн эмчилгээ хийхийг тодорхойлдог.

Хэрвээ таны нярай хүүхдийн нүднээс байнга нуух гарах, нулимс цийлэгнэх шинж тэмдэг ажиглагдвал дур мэдэн янз бүрийн дусаалга хэрэглэж болохгүй, нүдний нарийн мэргэжлийн эмчид хандах нь зүйтэй юм.

Нулимсны сувгийн битүүрлээс сэргийлэх үүднээс хүүхдэд энэ массажыг 1  нас хүртэл нь хийж байх хэрэгтэй. Массажыг зөөлөн жигд хийж өгөх хэрэгтэй, хэт зөөлөн бас хэт чанга хийж болохгүй.

Маамуу, Солонго нүдний эмнэлэгийн хамт олон нулимсны сувгийн эмчилгээ, массажыг хэрхэн зөв хийхийг заасан байгаатай танилцана уу: https://www.maamuu.mn/?p=10482

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *