Хамгийн хялбар аргаар амтат ЖИМСТЭЙ ТАРТ хийх заавар

Гэртээ өөрийн гараар сэтгэлээ шингээн хийсэн амттангаас илүү амттан гэж хаана ч үгүй бизээ. Хайртай хүмүүсийнхээ амтархан идэж буйг харахаас илүү талархал үгүй.

Хүүхдүүдийн дуртай, хамгийн амтат жимс болох гүзээлзгэнээр амтат тарт хийх жор оруулж байна. Хамгийн чухал нь, энэ бялууг хийхэд цаг их орохгүй, удаан хугацаагаар шарах шаардлагагүй, ердөө 20 минут шараад л бэлэн болох юм.

Энэхүү жимстэй тартыг ганцхан гүзээлзгэнэ гэлтгүй, өөр бусад дуртай жимс жимсгэнэ, шоколод зэрэг амттанаараа ч бас чимэглэж хийж болох юм шүү.

ГҮЗЭЭЛЗГЭНЭ ЖИМСТЭЙ ТАРТ / БЯЛУУ

ОРЦ:

400 гр жимс

500 гр гурил

75 гр цөцгийн тос

3 ш өндөг

1 ц/х хөөлгөгч

300 гр элсэн чихэр

1/4 ц/х давс

300 гр цөцгий (15-20% тослогтой)

Ваниль амт оруулахаар

 

БЭЛТГЭХ:

  1. Жимсээ угааж, усыг нь шүүлтүүрээр сайтар шүүж авна.

  1. Гурилан дээрээ хөөлгөгч, давс, 200 гр элсэн чихэр хийгээд сайн холино.

  1. Хайлуулсан цөцгийн тосоо нэг өндөгний шартайгаа гурилан дээрээ нэмээд гурилаа гараараа зуурна.

  1. Дараа нь дүүргэх орцуудаа бэлдэнэ. Нэг шилэн саванд цөцгийгөө хийнэ. Цөцгийндөө 1 х/х гурил, үлдсэн сахар, өндөг, ванилиа хийгээд сайтар холино.

  1. Зуухаа 200 градус дээр сайн халааж байх хоорондоо зуурмагаа элдэнэ.

 

  1. Хэвээ цөцгийн тосоор тослоод хуурай гурил цацаад зуурмагаа тавихад бэлдэж өгнө. Хэвэндээ зуурмагаа зөөлөн тавьж, хэвний дагуу дарж тааруулж өгнө. Зуурмагаа хэвнээсээ ялимгүй илүү гаргаж хийх хэрэгтэй, зуурмаг болоод ирэхээрээ авчдаг талтай учир ингэж хийх нь зохимжтой.

  1. Зуурмагаа дээш хэт хөөхөөс сэргийлж сэрээгээр хэд хэд цоолж өгнө, зууханд 7-10 минут шарна.

  1. Зуурмагаа болохоор нь гаргаад дотор нь жимснүүдээ тарааж тавьж өгнө. Үүн дээрээ цөцгийтэй бэлдэцээ хийгээд, зууханд дахин 10 минут шарна. Ингээд амтат жимстэй тарт маань бэлэн болно, үүнийгээ хөргөгчинд хэдэн цаг хөргөөд идвэл зохимжтой. Хүүхдүүдтэйгээ амтархан идээрэй!

 

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Please reload

Please Wait