Хүүхдээ бага наснаас нь эцэг эхээ болон бусдыг хүндэтгэх харилцаанд сургаарай

Эцэг эхээ болон бусдыг хүндэтгэх ёс суртахууныг бага насны хүүхдэд яаж зааж сургах вэ? Хэрхэн ойлгуулах ёстой вэ?

“Аав, ээжийгээ заавал хүндэтгэнэ” гэсэн зарлиг байдаггүй ч бид бүгд аав ээжийгээ хайрлаж хүндлэх тал дээр санал нэгтэй байдаг. Гэхдээ амьдрал дээр энэ хайр хүндэтгэл янз бүрээр тохиолддог бөгөөд ихэвчлэн хэн нэгнээ гомдоосны улмаас эцэг эх, хүүхдүүд харилцан бие биендээ итгэх итгэлцэл үгүй болдог. Үүнээс хэрхэн зайлсхийх вэ?

Өнөөдөр бид хүүхдүүдэд бага балчир наснаасаа эцэг эхээ хэрхэн хүндэтгэх талаар зааж зөвлөх гэж байна. Бидний энэхүү зөвлөгөөг сонссон хүүхэд насанд хүрсэн хойноо хөгшин ээж, аавыгаа хүндэтгэн харьцах болно. Ер нь бол хамгийн ойр дотны хүмүүстээ хүндэтгэл, хайр, халамж үзүүлэх нь бид бүхний хийх ёстой ердийн л зүйл юм.

Хайр, хүндэтгэл

Бусдыг хүндэтгэнэ гэдэг нь тухайн хүний нэр хүндийг хүлээн зөвшөөрч хүндлэлтэй хандаж байгаагийн илрэл мөн бөгөөд та ч бас хүндлүүштэй зүйл хийж байна гэсэн үг юм. Бусдыг хүндлэх ухамсар хүнд аль эрт бага насанд нь хөгжиж байдаг тул энд эцэг эхийн үүрэг илүү их нөлөөтэй гэж хэт үнэлэх хэцүү.

Хүүхэддээ бусдад хүндэтгэлтэй хандахыг заахаасаа илүү эцэг эх өөрсдөөрөө үлгэрлэх хэрэгтэй. Эцэг эхчүүд хүүхдийнхээ санаа бодлыг хүндэтгэж, тэднийг сонсдог гэдгээ хүүхэддээ харуулах нь түүнийг өөрийгөө болон бусдыг хүндлэж сурах том алхамыг тавьж байна гэж үзэж болох юм.

Хүүхэддээ  үүнийг тодорхой шалтгаан нөхцөл бүхий харилцаа холбоотой энгийн жишээгээр тайлбарлаарай. Тухайлбал, “Эмээ / өвөө / ах дүүс / хөршүүд ядарч, амарч байгаа тул бид тэдний амрах эрхийг нь хүндэтгэн чимээ шуугиан гаргах ёсгүй”, эсвэл “бид бие биенийхээ ажлыг үнэлэх үүднээс тоглоомоо хураахыг чамаас гуйж байна, тоглоомоо тараан хаях нь шударга бус хэрэг, одоо би хураалаа шүү” гэх мэт.

Хүүхэдтэйгээ ярилцахдаа түүний хил хязгаарийг ч бас хүндэтгэн үзэх ёстой юм шүү. Та түүнийг өөрийнхөө өрөөнд орж ирэхээсээ өмнө хаалга тогшиж байхыг хүсэж байгаа бол түүний өрөөнд орохдоо ч бас үүдийг нь тогшиж байх хэрэгтэй. Хүүхдэд ч бас өөрийн гэсэн хувийн орон зай байх ёстой бөгөөд түүнийг нь бид хүндэтгэх ёстой, түүнийг хүндэтгэснээр та түүнд өөрийгөө хүндлэхэд сургаж байгаа хэрэг юм шүү. Чанга дуугаар аль эсвэл суран бүсээр айлгаж хүндлүүлнэ гэж байхгүй.

Ээж, аав нар хоорондын харилцаандаа онцгой анхаарал хандуулах хэрэгтэй, учир нь аав ээжийн харилцаа бол хүүхэддээ үлгэр дууриал болох зан үйлийн загвар юм. Хэрэв аав нь ээжид нь хаалга онгойлгоход нь юмуу аль эсвэл гадуур хувцасаа тайлахад нь тусалдаг бол ийм эцэг эхчүүд хүүхэд чинь ангийнхаа хүүхдийг гомдоолоо, доромжиллоо гэж хүүхдийнхээ сургуульд дээр дуудагдах магадлал маш бага юм.

Хувийн үлгэр дууриалалаас гадна, хүүхдэд тухайн нөхцөл байдалд яагаад үүнийг хийх нь илүү дээр, бас яагаад үүнийг хийх хэрэггүй гэдгийг хүүхэддээ тайлбарлаж байх нь зүйтэй. “баярлалаа”, “гуйя” гэх мэт эелдэг найрсаг үг харилцааны хэллэгүүдийг зааж өгөхөө мартуузай, яагаад та санамсаргүйгээр хэн нэгний хөл дээр гишгэсэн, эсвэл түлхсэн бол уучлалт гуйх хэрэгтэйг тайлбарлаж өгөөрэй. Эцэг эхийн үлгэр дууриалал хүүхдэд үнэхээр үр дүнтэй тусаж байгаа эсэхийг хүүхдээсээ олж хараарай.

Аливаа нөхцөл байдалд юуг хийж чадаагүй, юуг хийхийг хүсэхгүй байгаа талаар жагсаалт гарга. Томчууд яагаад дүрсгүйтдэггүй, зохисгүй үг хэллэг хэлэх яагаад хориотой байдаг гэх мэт зүйлсийг хүүхэддээ бага наснаас нь ойлгуулахыг хичээгээрэй. Хэрвээ эцэг эхчүүд нь хориглосон зүйлсээ адилхан дагаж мөрдөхгүй юм бол хүүхэд шударга бус байдлыг мэдрэх болно.

Төрөхдөө л эелдэг найрсаг зан чанартай, ёс суртахууны мэдлэгтэй төрчихдөггүй, харин нийгэмшүүлэх явцад олж авдаг гэдгийг ойлгох нь чухал. Эцэг эх бол цэцэрлэг, сургуулийн эсвэл нэг гудамжны найз нөхөд биш, харин сайн, муу бүхнийг ялгаж салгаж ойлгуулах ёстой, зан чанарын хэм хэмжээг бий болгох үүрэгтэй хүмүүс юм.

Хүүхэд сургуульд орох наснаасаа өмнө аль хэдийн баяр ёслол дээр, нийтийн тээвэрт, хоолны ширээний ард, олон нийтийн газарт биеэ авч явах, орчин тойрондоо яаж хандах, мөн ахмад настай хүмүүсийг хүндэтгэн “та” гэж хэлэх, тэдэнтэй яаж мэндлэх зэрэг харилцааны үндсэн дүрмүүдийг ойлгон дагаж мөрдөх чадвартай болсон байдаг.

Эцэг эх, хүүхдүүдийн хооронд итгэлцэл, хүндэтгэлтэй харилцаа бий болгох бас нэг чухал зүйл бол харилцан бие биендээ туслах явдал юм. Үнэн хэрэгтээ, хүүхэд бага наснаасаа гэр ахуйн зарим ажлыг хийж сурсан байх ёстой, томрох тусам энэ жагсаалт улам нэмэгдэх ёстой.

Хэрэв эцэг эх хүүхдийнхээ тусламжийг талархалтайгаар хүлээж авч байвал хүүхдэд туслах хүсэл эрмэлзэл улам бүр нэмэгддэг. Тиймээс, хүүхдүүдээрээ ямар нэг зүйл хийлгэхгүй байх нь тэднийг ямар ч зүйлд хайхрамжгүй ханддаг хөндлөнгийн ажиглагч болгочихдог талтай. Тэднийг гэрийн ажилд оролцуулж, буруу хийсэн ч загинахгүй, яаж хийх талаар нь зааж сургах юм бол харилцан бие биенээ хайрлаж, хүндэтгэх харилцаа та хоёрын харилцаанд үүрд суурьших болно.

Орчуулсан: Х.Гэгээн

Эх сурвалж: https://takprosto.cc

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *