Зүрхний АРХАГ дутагдал амьсгаадалтаар эхэлдэг

Монгол Улсад зүрх судасны өвчлөл жилээс жилд өсөн нэмэгдэж, нас баралтын тэргүүлэх шалтгаан болсоор байгаа гэдгийг хэн хүнгүй мэдэх болж. Зүрх судасны эмгэгийн тэргүүлэх гурван өвчний тоонд артерийн даралт ихсэх өвчин, зүрхний ишеми өвчин, хэрэх өвчин багтдаг ажээ. Өнөө үед дэлхий нийтэд баримталдаг ангилал өөрчлөгдсөн, мөн манай эмнэлгүүдэд хандаж байгаа өвчтөнүүдийн дийлэнх нь дээрх эмгэгийн улмаас эмчлүүлдэг зэрэг шалтгаанаас үндэслэн орчин үеийн оношлогоо, эмчилгээний асуудлаар нэгдсэн зөвлөмж, удирдамж нэн шаардлагатай гаргах цаг нь болсон гэдгийг эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтнүүд хэлж байна.

Монголын зүрхний холбооны нарийн бичгийн дарга, Анагаах ухааны доктор Д.Нарантуяатай ярилцлаа.

-Зүрх судасны өвчлөл сүүлийн үед нэлээд ихэсч байгаа гэж эмч мэргэжилтнүүд зовних болж. Тэгвэл энэ тал дээр дорвитой арга хэмжээ авч, хийж бүтээсэн зүйл хэр олон байдаг юм бол? 

-Тиймээ, зүрхний өвчин жилээс жилд өсөн нэмэгдэх хандлагатай байна. 2017 оноос хойш гаргасан статистик тооноос авч үзвэл, зүрх судасны өвчлөл нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байгаа нь тун ч тодорхой байдлаар батлагдлаа. Одоо ч гэсэн нас баралтын тэргүүлэх шалтгаан хэвээрээ л байна. Хүн амын хөдөөнөөс хот руу нүүлгэн шилжүүлэх хөдөлгөөн эрс нэмэгдэж байгаатай холбож ойлгосон ч болохоор шүү. Зүрх судасны өвчин гэдэг хотжилтын өвчлөл. Зүрх судасны өвчлөлийн тэргүүлэх шалтгаан болсон гурван хүчин зүйл бий.

Нэгдүгээр артерийн даралт ихсэх өвчин байдаг бол, Хоёрдугаарт нь ишеми буюу зүрхний цусан хангамж дутагдах өвчин орно. Гуравдугаарт хэрхэг өвчин.

Хүмүүс ярьдаг шүү дээ, “Хоолойны ангина зүрх рүү орчихлоо” гэж. Яг л энэ өвчнийг хэлээд байгаа хэрэг. Тэгэхээр энэ гурван хүчин зүйлийн аль нэгнээс нь болж өвчилсөн ч гэлээ, зүрхний архаг дутагдалд орж болзошгүй эмгэнэлт байдалд хүрдэг. Зүрхний архаг дутагдлын талаарх дэлхийн эрүүл мэндийн салбарт баримталдаг ангилал нь өөрчлөгдсөн юм билээ. Өнөөдөр зүрхний архаг дутагдлын улмаас эмчлүүлж байгаа өвчтөнүүдийн дийлэнх нь дахих магадлалтай улс. Ойр ойрхон хэвтэж эмчлүүлэх нь хувь хүн хийгээд улс оронд маань ч эдийн засгийн хувьд нэлээд зардал гаргахуйц өвчин.

-Зүрх судасны өвчлөл харьцангуй залуужиж байгаа гэх юм? 

-Тийм шүү, нэлээд залуужиж байна. Ялангуяа зүрхний шигдээс өвчин эрс залуужсан нь харамсалтай санагддаг. Энэ төрлийн өвчлөл уг нь хожуу үед л тохиолддог байсан. Гэтэл сүүлийн үед 25-40 насны хүмүүсийн дунд ихээр тохиолдох болж. Хүмүүс “Амьсгаа давхацлаа. Их амьсгаадах боллоо” гээд л яриад байдаг. Тэгвэл зүрхний архаг дутагдал өвчний илрэл нь амьсгаадалтаар эхэлдэг гэдгийг хэр олон хүн мэдэх бол.

Зүрхний нэг цохилт нь зүрхний тосгуур, ховдлуудын тодорхой дараалалтай агшилтаас бүрддэг тухай хүн бүр л биологийн хичээл дээрээс үзэж байсан. Агшилтууд нь тогтсон хугацааны дараа ар араасаа даган хийгдэж байдаг.

Зүрхний хэмийн алдагдал буюу аритми гэдэг нь зүрхний хэсгүүдийн агшилтын дараалал, хэмнэл, давтамж алдагдахыг хэлдэг. Үхэлд хүргэдэг зүрхний эмгэгийн дотроос зүрхний хэм алдагдах буюу аритми нь 10-15% эзэлдэг ажээ.

Зүрх зөв хугацаанд агшиж чадахгүй байхыг зүрхний хэм алдагдал гэж ойлгож болно. Зарим хүн хэм алдагдлыг мэдрэхгүй байх нь бий. Хэм алдагдлыг ерөнхий 2 том бүлэгт хуваана. Тахиаритми- зүрх хэвийн хэмжээнээс түргэн агших, брадиаритми- зүрх удаан агших гэж ангилдаг хэдий ч маш олон хэлбэр байдаг. Судалгаагаар 40-өөс дээш насны Америкчуудын 4 хүн тутамд 1 нь зүрхний хэм алдагдалтай байдаг байна.

ШАЛТГААН

Эрүүл хүн ихээр идэх, өтгөн хатах, бариу хувцас өмсөх, шавьж хорхойнд хазуулах, зарим эм бэлдмэл хэрэглэх, сэтгэл санааны дарамтанд орох зэргээс үүдэн аритми үүсэх нь бий. Мөн түүнчлэн чихрийн шижин өвчний үед, ялангуяа таргалалт, даралт ихсэх өвчинтэй хосолсон үед үүсэх эрсдэл ихтэй байдаг. Гэхдээ сарын тэмдгийн өмнөх хам шинж зэрэг бусад шалтгаанаас үүдэлтэй байх нь бий.

Эдгээрээс гадна удамшлын хүчин зүйлийн нөлөөгөөр аритмигээр өвдөх магадлал өндөртэй болох нь ч бий. Мөн зүрхний мэс заслын дараах хүндрэл ч байж болно. Ингээд ч зогсохгүй дараахь эмгэгийн үед шинж тэмдэг байдлаар илэрдэг, үүнд:

• Даралт ихсэх өвчин

• Зүрхний гажиг, зүрхний дутагдал, зүрхний цусан хангамж хомсдох өвчин

• Хоёр хавтаст хавхлагын унжилт

• Бамбай булчирхай н өвчин ба бусад дааврын алдагдалтай өвчнүүд.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Please reload

Please Wait