Нэг сарын турш ХАРААН ЗҮХҮҮЛСЭН болон САЙХАН ҮГС сонссон ЦЭЦЭГСИЙН ЯЛГАА

Гадуурхалтын Эсрэг Дэлхийн Өдрийг тохиолдуулж IKEA брэндээс олон нийтийг хамарсан нэгэн сонирхолтой зүйлийг сэдэж хийжээ. IKEA-ийн оффист байсан нэг төрлийн хоёр ургамалд шошго наан сургуулийн гадна аваачин тавьжээ. Нэг цэцгийн шошгон дээр “Энэ цэцэгт муухай үгс хэл” гэсэн бол харин нөгөө цэцгийн шошгон дээр “Түүнийг магтан урашуулах үгс хэл” гэжээ. Хажуугаар нь зөрөн өнгөрөх хүмүүс тэднийг 30 хоногийн турш магтах нь магтаж, зарим нь муухай үгс хэлэн зүхэцгээжээ. Харин хэн бүхний нүдэнд илхэн харагдах үр дүн нь олны сэтгэлийг хөдөлгөн нэгийг бодогдуулжээ.

Тэднийг өдөр бүр яг ижил хэмжээгээр услан бордож, тэд зэргэлдээ буюу нарны илчийг адил л хэмжээгээр авах газар байрлаж байжээ. Харин нэг сарын турш хараан зүхүүлсэн цэцэг хатаж хорчийн өсөлт нь зогссон бол үргэлж магтуулж, сайн сайхан үгс сонсож байсан цэцэг өнгөлөг сайхан ургажээ.

Яг л үүн шиг хэн нэгнийг муу муухай үгсээр булах юм бол тэр энэхүү гундаж буй цэцэг шиг улам л өөртөө итгэлгүй нэгэн болох болно. Түүний оронд бусдыгаа хайрла, сайхан үгсийг харамгүй хэлж бай, тэд нөгөө цэцэг лугаа адил улам л “дэлбээлэх” болно.

Үг бүр өөрийн үнэ цэнэтэй. Өөрийн амьтай. Санамсаргүй зүйл гэж байдаггүй шиг санамсаргүй үг гэж байдаггүй. “Хэлж буй үгийг нь ажигтун, хийж буй үйлдлийг нь шинжигтүн, чингэвэээс тэр хүн зугтаж чадна гэж үү” хэмээн үг ба үйлдлийн шалтгаант логикоор хэлсэн эзнийг нь таних боломжтой гэж Күнз үзэж байсан. Бодох л ажиглалт.

Ам дүүрэн уран үгийг хэн ч хэлж чадна, харин түүнийгээ ажил хэрэг болгож итгэл үнэмшилд шингээж чадсан хүн нийгэмд эерэг өөрчлөлт бүтээдэг. “Үнэн худлын завсар дөрвөн хуруу зай бий” гэдэг.Үүн лүгээ “ам, ажил хоёрын завсар алд дэлэм зай” гаргалгүй яв цав байж, бага ярьж, их хийж чадсан хүн амжилтад хүрдэг гэнэ.

Санамсаргүй зүйл гэж байдаггүй шиг санамсаргүй үг гэж байдаггүй.

Гэлээ гээд огт ярихгүй, нууцлаг“тас хэлгүй” царайлж суух нь хорвоогийн гуниг. Унагаж буй үг бүр цаг, зохис, зорилго, өгөөжөө оносон ахул үгийн үнэ цэнэ дархлагдана.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *