Хүүхэд байх үед сайн зажилж идээрэй гэж ээж аав их сургадаг байсан. Саяхны нэгэн судалгаагаар сайн зажлах нь тархины өсөлт хөгжилтөнд сайнаар нөлөөлдөг талаар дурдсан байна.
Сайн зажлах нь хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг идэвхжүүлж, хоолны шингэцийг сайжруулдаг болохыг бид мэддэг. Тэгвэл үүнээс гадна маш чухал үр нөлөөтэй гэдгийг эрдэмтэн батлан ярьж байна. Токиогийн их сургууль, Кобэ-Их Сургуулийн хамтарсан судалгаагаар хоолоо муу зажилж иддэг, зажлах сэдээлт нь өсөлтийн үед муу байх нь тархины ой тогтоолтыг хариуцдаг гипокампусын нейроны үйл ажиллагаанд өөрчлөлт оруулж ой тогтоолт, суралцах чадвар мууддаг болохыг хулгана дээр туршиж судалгааны үр дүнгээ гаргажээ. Энэ талаар пабмед СЭТГҮҮЛД нийтлэгдсэн байна.
Мөн өндөр настанд шүд унасантай холбоотойгоор зажлах үйл ажиллагаа муудаж энэ нь ой ухааны бууралт, танин мэдэхүйн алдагдалд хүргэдэг болохыг аль хэдийн тогтоосон байна.
Судалгааны багийн туршилтаас танилцуулъя
Туршилтаа явуулахын өмнө гэрэлтэй болон харанхуй хайрцаг бэлдэж хатуу бүтэцтэй хоолоор тэжээгдсэн эрүүл хулганыг гэрэлтэй орчинд эхлээд гэрэлтэй хайрцагт оруулжээ. Түгшиж айсан хулганыг ялгаад харанхуй хайрцагт хийсэн байна.
Харанхуй хайрцагт оруулсныхаа дараа цахилгаан цочруул өгч харанхуйд байх айдсыг нэмэгдүүлж сургажээ. Харин үүнээс хойш хулганууд харанхуй хайрцаг руу орохоос айж, тийш зүглээгүй аж.
Үүний дараа зөөлөн бүтэцтэй хоолоор тэжээгдсэн хулгануудад адилхан туршилт явуулжээ. Ингэхэд хулганууд цахилгаан цочролын айдсыг мартаж харанхуй хайрцагт орсоор байсан байна. Эндээс дүгнэлт хийхэд зажлалтын сэдээлт багатай хулгана нь эрүүл хулганатай харьцуулахад шүд болон, эрүүний яс, булчингийн хөгжил султай байснаас гадна ой тогтоолт, сурах үйл ажиллагаа алдагддаг гэдэг нь тогтоогджээ.
Мөн судалгааны баг ой тогтоолтын бүс гэж нэрлэгдэх гипокампусыг судалж үзэхэд зөөлөн бүтэцтэй хоолоор тэжээгдсэн хулганууд нь гипокампусын нейроны тоо бага, үйл ажиллагаа нь султай гарчээ.
Судалгааны дүнгээр Хүүхдийн өсөлтийн насанд зажлах үйл нь бага байх нь яс, болон нүүрний булчингийн хөгжил сул болохоос гадна ой тогтоолт, танин мэдэхүйн чадвар, оюун сэтгэхүйн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг гэж дурдсан.
Судалгааны баг нь цаашид клиник туршилтын явуулахаар зорьж байгаа юм. Эндээс үзэхэд хоолоо сайн зажилж ид гэдэг нь үг шинжлэх ухааны үндэслэлтэй гэдэг нь батлагдаж байгаа юм.
Эх сурвалж: Арга билгийн ухаан ТББ